/2023.10.9/ МАН-ын бүлэг хуралдаж хэд хэдэн хуульд өөрчлөлт оруулах зарчмын асуудалд санал нэгджээ. Эдгээрээс согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохыг гэмт хэрэгт тооцох талаар бид мэдээлсэн.
Энэ удаад Эрүүгийн хуульд оруулах өөрчлөлтийн талаар Хууль зүйн сайд Б.Энхбаярын танилцуулснаар хүргэж байна.
БАГА НАСНЫ ХҮҮХЭД АЛСАН эсвэл ХҮЧИНДСЭН ЭТГЭЭДЭД ӨРШӨӨЛ ҮЗҮҮЛЭХГҮЙ,
ХУГАЦААНААС НЬ ӨМНӨ СУЛЛАХГҮЙ
Эрүүгийн хуульд орох өөрчлөлтүүд:
Бага насны хүүхдийг хүчиндэх, алах, бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн бэлгийн мөлжлөг, хүүхдийн эсрэг хүн худалдаалах гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 20 жил байгааг 30 жил болгох.
Хүнийг алах, хүүхэд алах, бага насны хүүхдийг хүчиндэх, бэлгийн мөлжлөг, хүүхдийн эсрэг хүн худалдаалах гэмт хэргийг үйлдсэн этгээдэд ӨРШӨӨЛ ҮЗҮҮЛЭХГҮЙ, мөн хугацаанаас нь өмнө СУЛЛАХГҮЙ. Дурьдсан хэргүүд дээр авлигын гэмт хэрэг мөн орж байна.
Хүнийг алах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн, бага насны хүүхдийг алах, хүчиндэх, бэлгийн мөлжлөг, хүүхдийн эсрэг хүн худалдаалах гэмт хэрэгт оногдуулах хорих ялын дээд хэмжээ 20 жил байгааг 25 жил болгох.
БАГА НАСНЫ ХҮҮХЭД ГЭДЭГТ 16 ХҮРТЭЛХ НАСНЫ
ХҮҮХДИЙГ ТООЦДОГ БОЛНО
Эрүүгийн хуульд бага насны хүүхэд гэдэг насны ангилалд 14 хүртэлх нас ордог. Насны энэ хэмжээг 1984 оноос хойш өөрчилж байгаагүй ажээ. Тэгвэл үүнийг өөрчилж "Бага насны хүүхэд" гэдэг ангилалд 16 хүртэлх насны хүүхдийг оруулахаар саналыг дэвшүүлжээ.
Ингэснээр Эрүүгийн хуульд байгаа 14-16 хүртэлх насны хүүхдийн эсрэг 10 гаруй гэмт хэргийн ялын бодлого чангарна. Тухайлбал,
Гэмт хэргийн төрөл | Өмнө оноож байсан ял | Өөрчлөх төслийн заалт |
14-16 насны хүүхдийг алах гэмт хэрэг | 8-15 жил | 12-25 жил |
14-16 насны хүүхдийг хүчиндэх | 5-12 жил | 12-25 жил эсвэл бүх насаар нь |
Бага насны хүүхдийг бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах хэрэгсэл болгон ашигласан | 1-5 жил | 2-8 жил (тэнсэхгүй) |
14-16 насны хүүхдийн бэлгийн мөлжлөгийн эсрэг | 2-8 жил | 12-20 жил, бүх наснаар нь хорих |
Мөн, хүчиндэх гэмт хэрэгт хүчээр бэлгийн харилцаанд орох хэргийг гэмт хэргийн ХҮНД ангилалд хамааруулж, 2-8 жилийн хорих ял оногдуулж, тэнсэхгүй. 16 нас хүрээгүй хүнийг жирэмсэн болгосон, гэр бүлийн 16 нас хүрээгүй хүнийг хүчиндсэн гэмт хэрэгт 8-15 жил байгааг 12-25 жил болгон нэмэгдүүлж, эсвэл бүх насаар нь хорих өөрчлөлтийг хийхээр МАН-ын бүлэг санал нэгджээ.
Саналыг лхагва гарагийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, Засгийн газрын бодлого болон боловсруулагдана гэлээ.