/2023.10.05/: Дорноговь аймагт алга болоод гурав хонож буй охины хэргийн явц болон цаг үеийн асуудлаар ХНХЯ, ГБХЗХГ, ЦЕГ хамтарсан мэдээлэл хийлээ.
Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа н.Мишигдорж:
Өнөөдрийн хувьд хэргийн талаар мэдээлэл өгөх боломжгүй. Мөрдөн байцаалтын явцад байгаа учир прокурорын зөвшөөрөлтэй олгодог хэдий ч прокуророос зөвшөөрөл олгогдоогүй байна.
Дорноговь аймгийн Сайншанд сумаас алга болсон Д гэгч охиныг эрэн сурвалжлах ажил явагдаж байна. Эрэн сурвалжлах ажиллагааг ЦЕГ-ын ЭЦА-ны дэд дарга, цагдаагийн хурандаа Товуудоржоор ахлуулсан баг, бүрэлдэхүүн тус аймгийн Мандах сумаас эхлүүлэн зохион байгуулж байна. Үүнд Өмнөговь аймгийн цагдаагийн газрын дарга болон Дорноговь аймгийн цагдаагаар ахлуулсан ажлын хэсэг мөн Онцгой байдлын газрын алба хаагчид оролцож байна.
Онцгой байдлын газраас өнөөдөр өглөөний 07 цагаас эхлэн агаараас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. Мөн газраар автомашинтай алба хаагчид хийж байна. Эрэн хайх ажиллагааг зөвхөн дээрх сумдууд бус зэргэлдээ аймаг сумдаар тус газруудын алба хаагчидтай хамтарч хийж байна.
Хүүхдийн асуудалтай холбоотой мэдээллийг албан бус эх сурвалжаас авсан мэдээллээр эх сурвалж болгон цацахгүй байхыг хүсэж байна. Хэвлэлээр явж байгаа тодорхойгүй мэдээллүүдээс болж мөрдөн шалгах ажиллагаанд саад учирдаг. Уг мэдээллүүдээс болж сэжигтэн болон хамтрагчид нь оргон зайлах, гэрч олдохгүй байх зэрэг эрсдэл үүсдэг.
Ийм учраас заавал албан ёсны байгууллагаас авсан мэдээллийг авч байхыг анхаарууллаа.
Мөн мөрдөн байцаалтын явцад байгаа мэдээ мэдээллийг олж авсан хүн, мөрдөн байцаагч прокурорын зөвшөөрөлгүйгээр олон нийтэд мэдээлэх нь эрүүгийн гэмт хэрэг болдог.
Зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар эрэн хайх болон мөрдөн шалгах ажиллагааны талаар нууц задарсан асуудалд шалгалтын ажиллагаа явуулж байгаа гэв.