/2023.10.02/: 2023-2024 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуульд ажиллах “Боловсролын сэтгэл зүйчийн мэргэшүүлэх” 7 дахь удаагийн сургалтад хамрагдах сэтгэл зүйчийн сонгон шалгаруулалт эхэллээ.
Боловсролын ерөнхий хууль, Сургуулийн өмнөх болон Ерөнхий боловсролын хуулийн 14 дүгээр зүйл, Боловсрол, шинжлэх ухааны сайдын А/222 дугаар тушаалын хэрэгжилтийг хангах зорилтын хүрээнд энэхүү сонгон шалгаруулалтыг явуулж байгаа ажээ.
Сургалтад хамрагдсанаар:
- Ажлын талбарт шаардлагатай мэргэжлийн дэмжлэг үзүүлэх 45 хоногийн сургалтад хамрагдан сертификат олгох.
- Тогтвортой ажиллахад дэмжлэг үзүүлэх Боловсролын ерөнхий газар, сургуулийн удирдлага, сэтгэл зүйчтэй гурвалсан гэрээг 2 жилийн хугацаатай байгуулах.
- Мэргэжлийн баг бүрдүүлж хүүхдийн хөгжлийг дэмжих төлөвлөгөө боловсруулан ажиллахад нь сургуулийн зүгээс дэмжлэг үзүүлэх зэрэг давуу талыг сэтгэл зүйчдэд олгодог юм.
Сэтгэл зүйч нь сургуулийн нөхцөл байдалд сэтгэл хөдлөл, боловсрол, нийгэм, зан үйлийн асуудлыг шийдвэрлэхэд хүүхдүүдэд тусалдаг туслагч байдаг. Иймд салбар яам болон Боловсролын ерөнхий газраас зохион байгуулагдах мэргэжлийн болон бусад сургалтад сэтгэл зүйчдийг хамруулж тасралтгүй хөгжлийг дэмжин ажилладаг.
Сонгон шалгаруулалтыг Боловсролын ерөнхий газрын даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг 2 үе шаттайгаар зохион байгуулна.
Нэгдүгээр шатны шалгаруулалтаар Сэтгэл зүйчдийн ирүүлсэн баримт бичгийн бүрдэл, түүний үнэн зөв эсэхийг нягталж, эсээ, өргөдөлтэй танилцах бол хоёрдугаар шатны шалгаруулалтаар баримт бичгийн шаардлага хангасан сэтгэл зүйчдийг ярилцлагад урьж эцсийн шалгаруулалтыг хийнэ.
Хоёр шатны шалгаруулалтаас нийлбэр дүнгээр 60 буюу түүнээс дээш үнэлгээ авсан сэтгэл зүйчдийг “Боловсролын сэтгэл зүйч”-ийн мэргэшүүлэх 45 хоногийн сургалтад хамруулж, сертификат олгох юм байна.
Ерөнхий боловсролын сургуульд ажиллах “Боловсролын сэтгэл зүйчийн мэргэшүүлэх” 7 дахь удаагийн сургалтад хамрагдах сэтгэл зүйчдийг 2023 оны 10 дугаар сарын 02-ноос 10 дугаар сарын 30-ны өдрүүдэд бүртгэнэ.
Бүрдүүлэх материал:
- Иргэний үнэмлэхийн хуулбар;
- Төрийн албан хаагчийн анкет шивсэн байх;
- Сэтгэл судлалаар төгссөн бакалавр болон түүнээс дээших зэргийн дипломын хуулбар;
- Эсээ /сургуулийн сэтгэл зүйчээр мэргэшиж ерөнхий боловсролын сургуульд яагаад ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн 2-оос илүүгүй, аrial 11 фондоор А4 хуудсанд багтаан бичих/
- Мэргэжил дээшлүүлэх сэтгэл зүйн сургалтад хамрагдсан бол гэрчлэх баримт бичгийн хуулбар
- Өргөдөл- (“Боловсролын ерөнхий газар”-т .................. Ажиллаж байгаа бол хаана ажилладаг тухай, Ажилд орох хүсэлтэй бол доорх сургуулиудаас сонгож /аймаг, нийслэл, сум, дүүрэг/-т хүсэлтэй байгаагаа тодорхой бичих)
Анхаарах зүйл:
"Сэтгэл судлал"-ын бакалаврын зэрэгтэй байх.
Бүрдүүлэх материал дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтад оролцох боломжгүй.
Бүрдүүлсэн материалаа нэг PDF файл болгоод \ [email protected] \ цахим хаягаар дээр дурдсан хугацаанд ирүүлнэ үү. Нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл Боловсролын ерөнхий газрын мэргэжилтэн П.Жаргалтуяа / 94005969 / утсаар холбогдоно уу.
Шалгаруулалтын дүнг тухайн иргэний цахим хаягаар хариу мэдэгдэнэ. Иймд цахим хаяг болон холбогдох утасны дугаараа үнэн зөв тодорхой бичнэ үү.
Эх сурвалж: БШУЯ