/2023.09.05/ Засгийн газар яамгүй хоёр сайдтай. Нэг нь Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ нөгөө нь Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар.
Түгжрэлийн сайд сайн муу хэлүүлэн ажлаа хийсээр байна. Харин Улсын баяр наадмаар бөхийнхөө хувьд зодог тайлснаас хойш сураггүй болсон нь Монгол Улсын Их хурлын гишүүн, сайд Б.Бат-Эрдэнэ.
Олимп, нийтийн биеийн тамир, спортын сайд ямар бодлогын шийдэл гаргаж хэрхэн ажиллах гэж байгаа нь тодорхойгүй. Түүний талаар мэдээлэл хайхад хаа нэг арга хэмжээнд оролцсон зураг тааралдана. Сүүлийн үед хамгийн их маргаан талцал дагуулсан Үндэсний бөх тойрсон допингийн асуудлаар ч таг чиг.
Уул нь Монгол Улсын Засгийн газар спортын асуудалд бодлогын шийдэл гарган анхаарч ажиллах гэж яамгүй ч гэлээ ажлын албатай, тодорхой төсөвтэй сайдын суудлыг өгсөн. Шинэ сайд салбарын бодлогын шийдэл, хийх ажил, төлөвлөгөө хийсэн ажлын үр дүнгээ хэзээ тайлагнахыг олон нийт хүлээсээр байна.