/2023.08.17/: Нийслэлийн Засаг даргын 2023 оны “Тарваган тахал болон хүн, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” захирамжийг хангах ажлын хүрээнд батлагдсан удирдамжийн дагуу мэргэжлийн байгууллагын хамтарсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн нийслэлийн авто тээврийн товчоодод хяналт шалгалт хийж байна.
Тодруулбал авто тээврийн товчоодын хяналтын цэгүүдэд ажиллаж байгаа алба хаагчдад тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг эрчимжүүлэх, заавар зөвлөмжийг өгөхөөр нийслэлийн Онцгой байдлын газар, Экологийн цагдаа, Цагдаагийн удирдах газар, Мал эмнэлгийн газар, Эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүд товчоодод ажиллаж байгаа юм.
Нийслэлийн нутаг дэвсгэр дэх авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоод, баталгаат бус замуудад хууль бус ан агнуур, тарвага, тарваганы гаралтай түүхий эдийн тээвэрлэлт, худалдаанд 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд хяналт шалгалт зохион байгуулж, холбогдох арга хэмжээг авч ажиллана.
Эх сурвалж: НОБГ