/2023.08.10/: Өчигдөр Москвагаас зүүн хойд зүгт орших аж үйлдвэрийн хэсгийн үйлдвэрт дэлбэрэлт болсны улмаас 60 хүн шархдаж, найман хүн сураггүй байна гэж Оросын төрийн мэдээллийн ТАСС агентлаг мэдээллээ.
Дэлбэрэлт Сергиев Посад хотод байдаг Загорскийн оптик механикийн үйлдвэрт болсон гэж тус мэдээлэлд дурдсан байна. Тус үйлдвэр нь Оросын арми, хууль сахиулах байгууллагууд, аж үйлдвэр, эрүүл мэндийн салбарт оптик болон оптоэлектроник төхөөрөмж үйлдвэрлэгч, үйлдвэрлэгч аж.
Лхагва гарагийн өглөө дэлбэрэлт болсны дараа Оросын төрийн хэвлэлүүд дэлбэрэлтийн эх үүсвэр нь Загорскийн оптик механикийн үйлдвэрийн газарт байдаг дам түрээслэгч компанийн пиротехникийн агуулах байсан гэж мэдээлжээ.
Нурангин дор олон хүн байж магадгүй гэсэн болгоомжлолын дагуу аврах багийнхан лхагва гарагийн үдээс хойш талбай дээр үргэлжлүүлэн ажилласан байна.
Москва мужийн захирагч Андрей Воробьев “Аврагчид нуранги цэвэрлэхэд 12 цаг орчим хугацаа шаардагдана. Нурангид хүмүүс үлдсэн байж магадгүй, дарагдсан гурван хүнийг аль хэдийн гаргасан. Эмч нар тэдгээр гурван хүний биеийн байдлыг хүнд гэж үнэлсэн" гэв.
Ослын газарт байсан Оросын хараат бус хэвлэл мэдээллийн MASH блогт Николай хэмээх гэрч өгсөн ярилцлагадаа "Энэ газар зарагдаж пиротехникийн үйлдвэр болхоосоо өмнө зэвсгийн үйлдвэр байсан" гэжээ.
ОХУ-ын Мөрдөн байцаах хороо энэ хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.
Мөрдөн байцаах хорооны төлөөлөгч ТАСС агентлагт хэлэхдээ, "Үйлдвэрийг нисгэгчгүй онгоц цохисон гэх нотлох баримт байхгүй, дэлбэрэлтийн шалтгааныг судалж байна" гэжээ.
Эх сурвалж: CNN