/2023.08.07/: Нийслэлд орсон түр зуурын усархаг борооны улмаас үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор УОК-ын ээлжит хуралдаан өчигдөр боллоо.
Хуралдаанаар УОК-ын дарга, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Онцгой комиссын гишүүд болон бүх шатны Засаг дарга нарт холбогдох хугацаатай үүрэг, чиглэлийг өгсөн юм.
Тухайлбал,
- Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар дүүрэгт болсон үерийн дараах хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагаанд шаардлагатай хүн хүч, машин, текникийг дайчлан гаргаж, шуурхай зохицуулалтаар хангаж ажиллахыг Зам, тээврийн хөгжлийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Батлан хамгаалах яам, Эрчим хүчний яамны сайд нарт,
- Үерт өртсөн айл өрх, иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг газар дээр нь үзүүлэх ажлыг шуурхай зохион байгуулах,
- Үерийн улмаас халдварт өвчин тархах эрсдэл нэмэгдэх тул эрүүл мэндийн байгууллагуудын бэлтгэл, бэлэн байдлыг хангах, болзошгүй халдварт өвчний тархалтаас урьдчилан сэргийлэхийг Эрүүл мэндийн сайдад,
- Мэргэжлийн байгууллагын үзлэг шалгалтад үндэслэн аюулгүй байдлыг хангаж хязгаарлалтад орсон айл өрх, аж ахуйн нэгжийн цахилгаан эрчим хүчийг сэргээх ажлыг шуурхай зохион байгуулахыг Эрчим хүчний сайдад,
- Үерт өртсөн айл өрхүүдийн судалгааг нэн даруй гаргаж, иргэдийг нэн шаардлагатай цэвэр ус, хоол хүнс, дулаан хувцсаар хангахыг Хөдөрмөр, нийгмийн хамгааллын сайдад тус тус даалгалаа.
- Мөн хохирлын анхан шатны үнэлгээ хийж, улсын Онцгой комисс, Засгийн газарт танилцуулж, шийдвэрлүүлэх, цаг агаарын сэрэмжлүүлэг, мэдээ мэдээллийг илүү нарийвчлан гаргаж тогтмол давтамжтайгаар иргэдэд хүртээмжтэй байдлаар түгээх, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг бүх шатанд авч хэрэгжүүлэхийг үүрэг болголоо.
Түүнээс гадна бүх шатны онцгой комисст,
- Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг бүх шатанд авч хэрэгжүүлэх, сэрэмжлүүлэг хүргэх, гүүр гарамгүй газраар гол мөрөн гатлахгүй байх, анхаарад болгоомжтой зорчихыг анхааруулах,
- Гамшгаас хамгаалах төлөвлөгөөний үерийн үед ажиллах төлөвлөгөө хүн хүч, хэрэгсэл дайчлан гаргах төлөвлөгөөг тодотгох, хүн хүч, техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн бэлэн байдлыг хангуулах,
- 2023-2024 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах нарийвчилсан төлөвлөгөө боловсруулж батлах, шаардлагатай арга хэмжээ авах зэргийг үүрэг болгов.
- Түүнчлэн ОБЕГ-т УОК-ын Нэгдсэн шуурхай штабын үйл ажиллагааг идэвхжүүлж, үерийн үед ажиллах мэргэжлийн байгууллагуудын уялдаа холбоо, харилцан ажиллагааг хангаж, шуурхай мэдээ, мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэхийг анхаарууллаа.
Эх сурвалж: УОК