/2023.08.03/: Хэнтий аймагт гарсан малын хулгайны хэрэг цахим орчинд анхаарлын төвд ороод байгаа.
Уг хэргийн давж заалдах шатны шүүх хурал өчигдөр Хэнтий аймагт болсон. Тэгвэл уг хэргийн Анхан шатны шүүхийн шийдвэрийн талаарх шүүхийн мэдээг хүргэж байна.
"Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д-г “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр цагаатгаж, шүүгдэгч Г, Т нарыг “бусдын олон тооны малыг бүлэглэж хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Г-г 2 жил 6 сарын хугацаагаар, шүүгдэгч Т-г 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн.
Анхан шатны шүүх шүүгдэгч Д-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгахдаа улсын яллагчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ шийдвэртээ тусгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн байна гэж үзээд давж заалдах шатны шүүх шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр тогтлоо.
Хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэлх хугацаанд шүүгдэгч Г, Т нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж Г, Т, Д нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэлээ.
Тоймыг бэлтгэсэн: Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Дэнсмаа
Эх сурвалж: ШҮҮХ