/2023.08.01/: Говь-Алтай аймгийн орон нутаг судлах музейн шинэ барилга бүрэн ашиглалтад орж үйл ажиллагаа Хантайшир Уулын аймгийн 100 жилийн ойтой зэрэгцэн нэг шинэ музей үйл ажиллагаагаа эхлүүлэх бэлтгэл ажилдаа орсон байна.
Музейн шинэ барилгын бүтээн байгуулалт 2020 оноос эхлэн гурван жилийн хугацаанд үргэлжилж энэ оны 5-р сард барилга байгууламжийн комиссын дүгнэлтээр ашиглалтад оруулжээ.
Энэхүү музей нь 1800мкв талбайтай, 2 давхар, үзмэрийн 6 танхимдаа нийт 2500 гаруй үнэт үзмэртэй. Тус музейн үзэл баримтлалын гол агуулга нь орон нутгийн онцлогт суурилсан, байгалийн, түүхийн, угсаатны, шашны болон интерактив төрлөөр үзүүлэг дэглэлтийг хийхээр төлөвлөсөн. Үүний дотроос манай эриний өмнөх 4-5 мянган жилийн үед холбогдох хаш чулуун сүх, хүрлийн үеийн олдворууд болон 17 дугаар зууны Галданбошигт хааны хэрэглэж байсан үеийн эмээл, Засагт хан аймгийн засагт ханы хошууны мөнгөн тамга зэрэг ховор нандин түүх, соёлын дурсгал, үнэт үзмэрийг дэглэн байршуулна.
Музейн барилгын бүтээн байгуулалт дууссан хэдий ч үзмэрийн үзүүлэг дэглэлт хийх болон дотоод тохижилтын ажил үргэлжилж байгаа бөгөөд ирэх оноос эхлэн музей бүрэн үйл ажиллагаатай болно.
Харин Хантайшир Уулын аймгийн 100 жилийн ойд зориулсан тусгай үзэсгэлэнгийн тухайд
Алтай нутгийн хүн ардын түүх, соёл уламжлалын илэрхийлэл болсон 200 гаруй эд өлгийн зүйлсийг дээжлэн дэглэсэн байна. Үүнээс гадна нутгийн зон олны гар урлал, уран зураг, Үндэсний бичиг өв соёл, “Өндөр-Их алтай уран бичлэг” гэрэл зураг гэсэн тусгай 5 үзэсгэлэнг нээжээ.
Эх сурвалж: Соёлын яам