/2023.7.6/ БНХАУ-ын төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Төвдийн өндөрлөгийн зүүн хэсэгт байгуулсан дэлхийн хамгийн том нарнаас болон уснаас эрчим хүч үйлдвэрлэх хосолмол цахилгаан станц ажиллаж, эрчим хүч үйлдвэрлэж эхэлсэн талаар мэдээлжээ.
Сычуань мужийн Ялонг гол дээр байгуулсан 3 гигаватт/цаг эрчим хүч үйлдвэрлэх усан цахилгаан станц болон 1 гигаваттын нарны цахилгаан станц нь нийлээд жилдээ 2 тэрбум киловатт/цаг эрчим хүч нийлүүлэх хүчин чадалтай. Энэ нь 700 мянга орчим өрхийн цахилгааны хэрэглээг бүрэн хангах боломжтой гэж мөн дээрх мэдээнд дурдагдсан байна.
Энэхүү станц нь Ялонг голын 1500 км үргэлжлэх гольдрилын дагуу оршин суудаг 100 000 өрхийг сэргээгдэх эрчим хүчээр хангах том төлөвлөгөөний эхлэл болж байгаа бөгөөд төслөөс эрчим хүчээр хангагдах нийт иргэдийн тоо нь АНУ-ын өнөөгийн хүн амтай тэнцэхүйц байгаа гэжээ.
Кела нэртэй уг хосолмол цахилгаан станц Сычуань мужийн Ганьзи хошуунд буюу далайн түвшнээс 4600 метр өндөрт байгуулагдсан нь дэлхийн хамгийн өндөрт байрлах хот болох Лхас хотоос ч 1000 метрээр илүү өндөр юм.
Ингэснээр дэлхийн хамгийн өндөрлөг цэгт байгуулагдсан эрчим хүчний төсөл болж байгаагаараа онцлог юм.
Нарны цахилгаан станцууд нь өдөр шөнө солигдох болон бүрхэг өдөр таарах, борооны улирал зэргээс болоод эрчим хүч үйлдвэрлэл нь хувьсах шинж чанартай байдгийг нөхөж, тогтвортой байдлыг хангах зорилгоор усан цахилгаан станцтай хослуулсан нь энэ юм.
Эхлээд нарны цахилгаан станцад бий болсон эрчим хүчийг 50 км-н зайд байрлах Ляньхэкө усан цахилгаан станц руу татаж, тэнд үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчтэй хамт төвийн шугам сүлжээнд нийлүүлэх ажээ.
Дээр дурдсанчлан Кела цахилгаан станц нь Ялонг гол дагуух сэргээгдэх эрчим хүчний том төслийн дөнгөж эхлэл юм. Төслийн нийт эрчим хүчний үйлдвэрлэх багтаамж нь одоогоор 20 гигаватт/цаг гэж тооцоологдож байгаа ч 2030 он гэхэд энэ тоо 50 гигаватт/цаг хүрнэ хэмээн мэргэжилтнүүд таамаглаж байна.
Шиньхуа агентлагийн мэдээлэлд дурдсанаар төслийн тооцоологдож байгаа эрчим хүчний багтаамж ийм боловч бодит байдал дээр эрчим хүчний үйлдвэрлэл бүрэн хүчин чадлаараа ажиллаад эхлэхээр 100 гигаватт/цаг буюу жилдээ 300 тэрбум киловатт/цаг эрчим хүч үйлдвэрлэж, 100 сая өрхийг цахилгаанаар хангах боломжтой болно гэжээ.
Нарны цахилгаан станц нь нийт 2 сая гаруй нарны хавтангаас бүрдэнэ. Тэнд үйлдвэрлэгдэж буй 1 гигаватт цахилгаан эрчим хүчээр 15 мянган цахилгаан автомашиныг нэг цагийн дотор цэнэглэнэ гэсэн сонирхолтой баримт ч байна.
Мөн нэг зүйлийг онцлоход станцын байршил нь далайн түвшнээс 4000-4600 метр өндөрт байгаа нь барилгын ажилчдыг хатуу ширүүн цаг агаартай, хүнд нөхцөлд ажиллахад хүргэжээ.
Цаг агаар хүйтэн байдгаас болоод ийм өндөрлөгт барилгын ажил хагас жилийн хугацаанд л үргэлжлэх боломжтой. Тиймээс барилгачид энэ хугацаанд амжуулахын тулд 24 цагийн дотор нарны 33 мянган хавтан, 30 трансформатор, 1200 нарны хавтангийн суурь, 7000 тулгуурыг угсрах сорилттой тулгарч байв.
Кела Станцын төслийн менежер Ян Живей “Одоогийн байдлаар манай станцын үүсгэж байгаа цэвэр эрчим хүчээр 700000 дундаж өрхийг тог цахилгаанаар хангах боломжтой. Энэ нь эрчим хүчний нүүрсний хэрэглээг 600 000 тонноор хэмнэж, цаашилбал, 1,6 сая тонн хүлэмжийн хийн ялгарлыг зогсоосон гэсэн үг” хэмээн CCTV-д өгсөн ярилцлагадаа онцолжээ.
Эх сурвалж: https://www.scmp.com