СОНСГОЛ: Өнгөрсөн онд 92 хүүхэд гэмт хэргийн улмаас амиа алджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СОНСГОЛ: Өнгөрсөн онд 92 хүүхэд гэмт хэргийн улмаас амиа алджээ

/2023.07.06/: Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооноос өчигдөр Хүүхдийн эрхийн тухай хуульд заасан хүүхдийн хамгаалуулах эрхийн хэрэгжилтийг хангах зорилгоор Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсголыг зохион байгууллаа.

Хяналтын сонсголыг Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа удирдан явууллаа.

Хяналтын сонсголын эхэнд Хүний эрхийн Үндэсний комиссын дарга Ж.Хунан, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Өлзийхутаг, Цагдаагийн ерөнхий газрын Гэр бүлийн хүчирхийлэл хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Г.Мөнхбаяр нар мэдээлэл хийсэн юм.

May be an image of 1 person and text

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Өлзийхутаг мэдээлэл хийв. Түүний мэдээлснээр, 2022 онд гэмт хэргийн улмаас 2014 хүүхэд хохирч, 1258 гэмт хэрэгт хүүхэд оролцож, 1540 хүүхэд гэмт хэрэгт холбогдон, 92 хүүхэд гэмт хэргийн улмаас амь насаа алдсан байна. Мөн 205 хүүхэд бэлгийн, 117 хүүхэд гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болжээ. Хүүхдийн эрхийн Хууль зүйн хороогоор 1491 хүүхэд үйлчилгээ авсан байна.

2021-2022 онд хүүхэд хамгааллын үйлчилгээний журам, норматив зардал, санхүүжүүлэх аргачлалыг батлуулж, хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх төрийн бус байгууллагын магадлан итгэмжлэх журмыг шинэчилсэн байна. Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны журам, Хүүхэд асрах хувь хувилбарт үйлчилгээ үзүүлэх журмыг шинэчилж, холбогдох хуулиудыг дагалдаж гарсан 50 орчим дүрэм, журам, найман стандартын хэрэгжилтийг хангаж байгаа талаар тэрбээр танилцуулав.

Хүүхэд хамгааллыг Шуурхай тусламжийн, Хамгаалах, нөхөн сэргээх, Урьдчилан сэргийлэх гэсэн гурван түвшний үйлчилгээгээр явуулж буй юм. Хүүхдийн тусламжийн 108 утсанд 2022 онд нийт 111326 дуудлага ирснээс Зорилтот хүүхэд хамгааллын дуудлага 9294, шийдвэрлэсэн кэйс 6670 бол 2023 оны эхний хагас жилд нийт дуудлага 74923, Зорилтот хүүхэд хамгааллын дуудлага 6894, шийдвэрлэсэн кэйс 3942 байна

May be an image of 3 people and text

Цагдаагийн ерөнхий газрын Гэр бүлийн хүчирхийлэл хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Г.Мөнхбаяр мэдээлэлдээ 2023 оны эхний хагас жилд хүүхдийн эсрэг үйлдэгдсэн 960 гэмт хэрэгт одоо 990 хүүхэд хохирсон талаар дурдлаа. Тэдний 33 нь нас барж, 364 хүүхэд гэмтсэн байна. Мөн гэр бүлийн хүчирхийллийн улмаас нийт 717 гэмт хэрэг үйлдэгдсэнд зургаан хүүхэд холбогдож, 77 хүүхэд хохирсноос 3 хүүхэд нас барж, 44 нь гэмтжээ. Сураггүй алга болсон гэх 599 хүүхдийг цагдаагийн байгууллага эрэн сурвалжилж, 585 хүүхдийг олж тогтоон, ар гэр, асран хамгаалагчид нь хүлээлгэж өгсөн байна.

Эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг илрүүлэх, цагдаагийн байгууллагын судалгаа, хяналтын санд бүртгэх, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчид тавих хяналтыг сайжруулах зорилгоор хүүхэд хамгаалал ерөнхий арга хэмжээг зохион байгуулж, хүүхдийн нэгдсэн мэдээллийн сангийн бүртгэлд 1572 хүүхдийг бүртгэсэн байна. Улмаар эрсдлийг арилгах хүртэл хяналтыг хэрэгжүүлжээ.

Улсын хэмжээнд гэр бүлийн хүчирхийллийн хохирогч хамгааллын 21 түр байр, 14 нэг цэгийн үйлчилгээний төв ажиллаж, энэ оны эхний зургаан сарын байдлаар 960 иргэнд үйлчилсний 148 нь насанд хүрсэн эмэгтэй, 811 нь хүүхэд, нэг нь насанд хүрсэн эрэгтэй байна.

May be an image of 3 people and text

Хяналтын сонсголыг дүгнэж хэлсэн үгэндээ уг сонсголыг даргалагч Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа хүүхэд хамгаалах асуудлаар хууль, эрх зүйн өөрчлөлтийг хийх зайлшгүй шаардлагатай гэдгийг онцолж, хяналтын сонсголын тайланг Байнгын хорооны хуралдаанд танилцуулан, санал, дүгнэлт боловсруулж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлнэ гэв.

Эх сурвалж: УИХ

ТАНИЛЦ: Д.Мөнх-Эрдэнийг ямар ямар хэрэгт холбогдуулан 1 жил 10 сарын ял оноосон бэ
ТАНИЛЦ: Д.Мөнх-Эрдэнийг ямар ямар хэрэгт холбогдуулан 1 жил 10 сарын ял оноосон бэ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.