ТАНИЛЦ: Д.Мөнх-Эрдэнийг ямар ямар хэрэгт холбогдуулан 1 жил 10 сарын ял оноосон бэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТАНИЛЦ: Д.Мөнх-Эрдэнийг ямар ямар хэрэгт холбогдуулан 1 жил 10 сарын ял оноосон бэ

/2023.07.06/: БНХАУ-д консулаар ажиллаж байсан Д.Мөнх-Эрдэнийг баривчлаад хэдэн сарын нүүр үзлээ.

Түүнийг яг ямар ямар хэрэг хийсний улмаас баривчлагдсан талаар иргэд төдийлөн сайн мэдэхгүй байгаа тул шүүхээс гаргасан мэдээллийг хүргэж байна.

ШҮҮХ

  • Шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнийг Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын өөртөө засах орны Хөх хотод суух Ерөнхий консулаар ажиллаж байхдаа амьдрах зориулалттай 76 м2 хэмжээтэй 3 өрөө орон сууцаар хангагдсан байхад 200 м2 талбай бүхий 3 өрөө орон сууцыг түрээслэх гэрээ байгуулж, түрээсийн төлбөрт 2017, 2018, 2019 онуудад нийт 247,000 юань буюу тухайн үеийн ханшаар 93.138.940 төгрөг,
  • Хөх хот дахь дунд сургуулийн зүгээс сургалтын төлбөр аваагүй байхад тус сургууль суралцсан өөрийн хүүхдүүдийн сургалтын төлбөрт 42,000 юань төлсөн мэтээр баримт бүрдүүлсэн,
  • Дипломат төлөөлөгчийн газрын албан хэрэгцээнд ашиглагдаж байсан тээврийн хэрэгслүүд нь шинэчилсэн бүртгэлд хамрагдсан байхад дээрх ажлыг гүйцэтгүүлэх нэрийдлээр 1.081.830 төгрөг,
  • Дипломат төлөөлөгчийн газрын ажилтан, тэдгээрийн гэр бүлийн гишүүдэд эх орондоо ирж амрахтай холбогдсон зардлыг илүү олгож, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосны улмаас улсын төсвийн хөрөнгөд их хэмжээний хохирол учруулсан,
  • “Даваагийн Мөнх-Эрдэнэ” гэсэн фейсбүүк хаягаас бусдын нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан,
  • Гадаад хэргийн яамны байр руу хүчээр нэвтрэх гэж дайрч, зөвшөөрөлгүйгээр дүрс бичлэг хийсэн үйлдэлд нь эрх бүхий албан хаагчдын тавьсан шаардлагыг эсэргүүцэн тэдгээрийн хувцаснаас зуурах, хөл рүү нь өшиглөх зэргээр хүч хэрэглэж, нүүр рүү нь салаавч гаргах, хэл амаар доромжлох зэргээр заналхийлж хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн,
  • Монгол Улсын Их хурлын Тамгын газрын хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Эрдэнэбаярт албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэрэгт дэмжлэг үзүүлж хамжигчаар оролцсон хэрэгт буруутгажээ.

Шүүгдэгч Д.Мөнх Эрдэнийг

1. Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж улсын төсвийн хөрөнгөд их хэмжээний хохирол учруулсан гэмт үйлдлүүдээс Дипломат төлөөлөгчийн газрын ажилтан, тэдгээрийн гэр бүлийн гишүүдэд эх орондоо ирж амрахтай холбогдсон зардлыг илүү олгож, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэх нэг үйлдэл холбогдлыг нь хэрэгсэхгүй болгож, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг харгалзан үзэж, нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилээр хасаж, 1 жил, 10 сарын хугацаагаар хорих ял,

2. Бусдад албан тушаалын байдалтай нь холбогдуулан Хахуул өгөх хэрэгт нь нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилээр хасаж, 1 жил 4 сарын хорих ял оногдуулсныг хөнгөрүүлэн өөрчилж, нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилээр хасаж, 8.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулан, бусдын нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэрэг оногдуулсан торгох ялыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Эх сурвалж: ШҮҮХ

ХӨСҮТ: Хагас жилийн байдлаар 490 гаруй хүн цусан суулгын халдвар авчээ
ХӨСҮТ: Хагас жилийн байдлаар 490 гаруй хүн цусан суулгын халдвар авчээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.