/2023.06.19/: Хоёр долоо хоног орчмын өмнө Каховка далан сүйрсний дараа Москвагийн хяналтад байдаг үерт нэрвэгдсэн бүс нутгуудад тусламж үзүүлэх НҮБ-ын хүсэлтээс ОХУ татгалзсан байна.
НҮБ-ын Украйн дахь хүмүүнлэгийн зохицуулагч Денис Браун "Оросын засгийн газар цэргийн түр хяналтандаа байгаа бүс нутгуудад нэвтрэх бидний хүсэлтэд өнөөг хүртэл татгалзсан хэвээр байна" гэж мэдэгджээ.
Тэрбээр “НҮБ шаардлагатай нэвтрэх боломжийг эрэлхийлсээр байх болно. Бид Оросын эрх баригчдыг олон улсын хүмүүнлэгийн хуулийн өмнө хүлээсэн үүргийнхээ дагуу ажиллахыг уриалж байна. Тусламж хэрэгтэй хүмүүст үзүүлэхээс татгалзаж болохгүй" гэв.
Украйн болон Оросын эрх баригчид үерийн улмаас амь үрэгдэгсдийн тоо 52-д хүрлээ гэж мэдэгдсэн бол Оросын албаны хүмүүс Москвагийн хяналтад байгаа бүс нутагт 35 хүн амиа алдсан гэж, Украины Дотоод хэргийн яам 17 хүн нас барж, 31 хүн сураггүй алга болсон гэж мэдээлээд байгаа юм. Мөн хоёр талаас 11 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна.
Украины прокуроруудад мөрдөн байцаалт явуулахад тусалж буй олон улсын хуулийн шинжээчдийн баг далан нурсан нь оросуудын тавьсан тэсрэх бодисоос болсон байх “өндөр магадлалтай” гэж мэдэгджээ.
Эх сурвалж: Theguardian