Майами-Дэйд тойргийн Индиан Крик гэх газар бол тэрбумтнуудаас эхлээд алдартнууд, нэрт тамирчид хүртэл олон сая доллараар үнэтэй харш авдаг АНУ-ын хамгийн үнэтэй, онцгой хотхон юм.
Энэхүү хотхон нь Бал Харбор болон Майами далайн эргийн хооронд оршдог бөгөөд 41 орон сууцны байшинтай, хувийн клуб, өндөр зэрэглэлийн хамгаалалттай аж. Энд Иванка Трамп, Жаред Кушнер, Том Брэди, Карл Ичан, Жулио Иглесиас, Адриана Лима нар амьдардаг гэхээр ямархуу тансаг зэрэглэлийнх гэдэг нь ойлгомжтой юм.
Тэгвэл дэлхийн хамгийн алдартай хүмүүстэй хөрш байх нь ямар үнэтэй вэ? Энэ тохиолдолд 85 сая доллар.
Индиан Крик хорооллын 12 дугаарт байрлах байшин нь зах зээлд 85 сая долларын үнэ хүрсэн байна. Хэрэв энэ байшинг дуудлага худалдаагаар зарвал тэрбумтнуудын худалдан авч байсан хамгийн үнэтэй байшингийн рекордыг эвдэх болно. Одоогийн дээд амжилт нь 2019 онд 50 сая доллараар зарагдсан байшин байв.
Уг үл хөдлөх хөрөнгө нь 23,286 хавтгай дөрвөлжин метр талбай бүхий хоёр акр газартай. Долоон унтлагын өрөө, 14 угаалгын өрөө, 200 фут усан бассейнтэй аж. Энэхүү байшны булан тохой бүр гайхалтай тохижилттой бөгөөд далдуу модоор хүрээлэгдсэн байдаг. Мөн Европ маягийн гоёмсог байшин нь өндөр тааз, гантиг шал, байгалийн гэрлийг нэвт шингээх том цонхтой том орон зайтай.
Өндөр тааз, уламжлалт өнгөлгөө, өндөр чанартай материалууд нь амьдрахад тансаг орчинг бий болгох нь дамжиггүй. Тус байшин нь төсөөлж болох бүхий л тохь тухыг агуулсан; оффис, өглөөний цайны булантай тансаг гал тогоо, модон хавтантай номын сан, мэргэжлийн зэрэглэлийн кино театр, ил зуухтай өрөө, дарсны зоорь зэрэг.
Тус байшингийн лааны алтан суурь, хэвлэмэл ханын цаас, гантиг өнгөлгөө, бүрээстэй тааз, гоёмсог шат, гантиг багана зэрэг нь онцгой тансаг юм.
Эх сурвалж: Forbes