/2023.06.05/: Apple компани зохион байгуулдаг 2023 Worldwide Developer Conference (WWDC) арга хэмжээ эхлэхэд хэдхэн хоног үлдээд байгаа ба арга хэмжээний нээлтийн илтгэлийг дэлхий даяар шууд дамжуулах юм.
WWDC арга хэмжээний нээлтийн илтгэл дээр голдуу ямар нэг шинэ төхөөрөмж биш, харин үйлдлийн системийн шинэчлэлийн талаар голчлон ярьдаг уламжлалтай тул программ хөгжүүлэгчдээс бусад хүмүүс төдийлөн шимтэн сонсоод байдаггүй гэхэд хилсдэхгүй.
Гэвч ирэх долоо хоногийн даваа гарагт болох арга хэмжээний нээлт дээр дан ганц программ хангамж бус хэд хэдэн шинэ төхөөрөмж, тухайлбал, олон жил яригдсан mixed reality headset буюу виртуал бодит байдлын төхөөрөмжөө танилцуулж магадгүй байна. Мөн үүнээс гадна iPhone, Mac, Watch төхөөрөмжүүд дээр хийгдсэн шинэ хөгжүүлэлтүүд мэдээж танилцуулагдах болно.
Ингээд WWDC 2023-с хүмүүс ямар хүлээлт, таамаглалтай байгааг товч дурдъя.
Шинэ MacBook
Энэ жил хэд хэдэн шинэ загварын Макбүүк танилцуулагдаж магадгүй байгаагийн зарим нэг нь энэхүү зуны арга хэмжээн дээр олны хүртээл болж магадгүй байна. Тухайлбал, Apple компани 13 инчийн MacBook Air загвараа шинэчлэхийн сацуу, шинээр 15 инчийн MacBook Air компьютер бүтээж байгаа гэсэн яриа гараад байгаа юм.
Энэхүү шинэ загварт эхлээд M2 чип тавигдана гэсэн яриа гарч байсан ч сүүлдээ M3 чип суурилагдсан байх магадлалтай гэсэн цуу яриа мөн тархсан. Гэхдээ M3 чип нь өмнөх загвараасаа бага зэрэг л ялгаатай байхаас биш эрс шинэчлэл, огцом сайжруулалт хийгдэх нь юу л бол. Тиймээс 15 инчийн MacBook загварыг өмнөх 13 инчийн загвараасаа дэлгэцийн хэмжээг эс тооцвол ямар ч ялгаагүй байна гэж бодож байна.
Mixed Reality төхөөрөмж болон xrOS үйлдлийн систем
Apple компани холимог бодит байдлын(mixed reality) төхөөрөмж хөгжүүлж байгаа гэж олон жил яригдсан бол энэ удаагийн арга хэмжээнд оролцох хөгжүүлэгчид энэхүү төхөөрөмжийг анх удаа нүдээр үзсэн хүмүүс болох магадлалтай. Төхөөрөмжийг Reality Pro, түүний үйлдлийн системийг xrOS гэж нэрлэж магадгүй гэсэн таамаглал явж байна.
Гэхдээ энэ төхөөрөмжтэй холбоотой ганц нэг зүйл дурдахад юуны өмнө Reality Pro нь олон мянган долларын үнэтэй гарч болзошгүй байгаа тул өргөн хэрэглээнд зориулагдаагүй буюу өөрөөр хэлбэл, Microsoft, Meta, Oppo компаниудын гаргасан төхөөрөмж шиг энгийн тоглоом тоглох, спорт арга хэмжээ үзэх зэрэг зориулалтаар ашиглахаас илүүтэй график дизайнерууд зэрэг өндөр мэргэжлийн хүмүүс болон инфлюнсерүүдэд зориулагдан бүтээгдсэн байж магадгүй юм. Учир нь Apple компани тэднийг Reality Pro-д зориулан хөгжүүлж байгаа платформын суурийг тавилцах хүмүүс гэж үзэж байгаа бололтой. Энгийн хэрэглэгчдэд зориулсан, илүү хямд хувилбар нь мэдээж ойрын жилүүдэд зах зээлд нийлүүлэгдэнэ гэдэгт итгэлтэй байна.
Apple сүүлийн хэдэн жилийн турш AR, VR, холимог бодит байдлын орчныг iOS дээр туршиж үзэх хөгжүүлэлтүүд хийсээр ирсэн ба Tim Cook-ийн захирал болсноосоо хойш хамгийн их анхаарч буй төсөл юм.
Энэхүү төхөөрөмж нь Meta компанийн гаргасан болон өөр бусад компьютерт зориулсан VR төхөөрөмжүүдээс хавьгүй илүү үзүүлэлттэй, тэр ч бүү хэл саяхан Sony компанийн танилцуулсан PlayStation VR-аас ч хүчирхэг хэрэгсэл болсон гэсэн таамаг дэвшүүлээд байна. Тухайлбал, M2-т холбогдон ажиллах SoC(System on Chip), хэд хэдэн камер болон урьд нь өөр ямар ч VR төхөөрөмжид суулгаж байгаагүй шинэ шинэ үйлдлүүдийг багтаасан байх болов уу.
Харин xrOS буюу энэ төхөөрөмжид зориулсан үйлдлийн системийн талаар бид бараг мэдээлэл авч чадаагүй байгаа хэдий ч, iPad-ний аппликэйшнүүдийг холимог бодит байдалтайгаар ашиглах боломжтойн дээр Apple-ийн зарим нэг аппликэйшнүүдийн тусгайлсан XR хувилбартайгаар хэрэглэгчдийн гар дээр очно гэсэн мэдээлэл аваад байна.
Нэг зүйлийг энд онцлоход, шинэ mixed reality төхөөрөмжийг Даваа гарагт албан ёсоор танилцуулсан ч гэсэн яг дэлгүүрийн лангуун дээр тавигдах хүртэл ахиад хэдэн сарын зай байгаа гэдгийг сануулмаар байна.
iOS 17, macOS 14, болон watchOS 10
Угтаа бол WWDC арга хэмжээ нь Apple компанийн ухаалаг төхөөрөмжүүдийн үйлдлийн системийн шинэчлэл, шинэ хувилбарыг танилцуулах зорилгоор зохиогддог гэж бид дээр дурдсан. Үүний ачаар програм хөгжүүлэгчид өөрсдийн програм, аппликэйшнүүдийг шинэ үйлдлийн системтэй холбон ажиллуулах API-н шинэчлэл, шинэ нэмэлтүүдийн талаар мэдээлэл олж авдаг.
Уламжлал ёсоор iOS буюу iPhone гар утасны шинэ үйлдлийн систем жил бүрийн арга хэмжээний нээлтийн гол сэдэв болдог байсан ч энэ жил xrOS үйлдлийн системд зохион байгуулагчид илүү ач холбогдол өгөх болов уу гэж бид тааж байна. Гэлээ гээд, iOS 17-н шинэчлэлүүдийг анхаарахгүй өнгөрч болохгүй.
Тухайлбал, iOS 17 үйлдлийн систем дээр AI-д суурилсан нэмэлт аппликэйшнүүд, мөн сүүлийн үед Apple-аас ихэд ач холбогдол өгч хөгжүүлж буй Wallet болон Health аппликэйшний шинэчлэлүүд танилцуулагдах нь бараг тодорхой байна. Eвропын холбооноос батлан гаргасан EU’s Digital Market Act хуулийн дагуу 2024 оны эхээр Apple компани өөрийн төхөөрөмжүүд дээр зөвхөн Appstore бус өөр бусад аппликэйшн татах Application Store-ууд байршуулах үүрэг хүлээгээд байгаа тул энэ удаагийн арга хэмжээн дээр дээрх хуультай холбоотой ямар нэг шинэчлэл, хөгжүүлэлт мөн яригдах байх гэсэн хүлээлт хөгжүүлэгчдийн дунд үүсээд байгаа ажээ.
Харин macOS14 болон tvOS үйлдлийн системүүдийн талаар ямар нэг мэдээлэл, таамаглал урьдчилсан байдлаар гараагүй байгаа тул дэлгэрэнгүй өгүүлэх боломжгүй байгаа бол ухаалаг цагны watchOS үйлдлийн систем дээр цагны шинэ нүүр болон өөр бусад жижиг сажиг нэмэлт, шинэчлэлүүд танилцуулагдах таамаглал дэвшүүлж байна. Ерөнхийдөө WWDC 2023 арга хэмжээн дээр юу юу танилцуулагдах талаар Bloomberg агентлаг хамгийн түрүүнд шинэ мэдээлэл дуулгаж байгаа гэдгийг энд онцлох нь зүйтэй биз ээ.
Эх сурвалж: arstechnica