/2023.05.01/: Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан гэрээний дагуу хэрэгжүүлж буй “Хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төсөл”-ийн хүрээнд АЛТАНБУЛАГ, СҮХБААТАР боомтыг олон улсын жишигт нийцүүлэн өргөтгөн шинэчлэх, хүчин чадлыг нэмэгдүүлэх бүтээн байгуулалтын ажлыг 2020 оны долоодугаар сард эхлүүлсэн юм.
Энэхүү ажил ковид цар тахлын улмаас 1 жил завсарласан байна. Иймд уг ажлыг эрчимжүүлэх, төр, орон нутаг, гүйцэтгэгч байгууллагын уялдаа холбоог хангаж, ажлыг саадгүй урагшлуулахад БОАЖЯ анхаарч ажиллана.
Төслийн хүрээнд АЛТАНБУЛАГ хилийн боомтын хувьд зорчигч тээврийн 19, ачаа тээврийн 18, дэд бүтцийн 5 барилга, иж бүрэн инженерийн шугам сүлжээ, 6,000 м.кв ногоон байгууламж, тусгаарлах зурвас бүхий 4 эгнээ 1,7 км урттай авто зам, 7,000 м.кв авто зогсоол, 30,000 м.кв зам талбай барих мөн хяналтын тоног төхөөрөмжийн нийлүүлэлт хийгдэх юм.
Алтанбулаг боомт нь өнөөдрийн байдлаар өдөрт 1300 - 1500 хүн, 500-700 автомашин нэвтэрдэг бол Боомтын шинэчлэл хийгдсэний дараа Алтанбулаг боомтоор өдөрт нэвтрэх зорчигчийн тоо 3 дахин, ачааны болон суудлын тээврийн хэрэгслийн тоо 4 дахин нэмэгдэж зорчигч, тээврийн хэрэгсэл хилийн боомтоор түргэн шуурхай нэвтрэн, ая тухтай үйлчлүүлэх боломж бүрдэх юм.
Эх сурвалж: БОАЖЯ