/2023.05.01/: Цахим ертөнцөд шинэ дайн дэгдээд байгаа нь интернэт хөтөч буюу браузэруудын тулаан юм.
Технологийн компаниуд интернэт браузэрийг хиймэл оюун ухаан(AI)-тай хослуулан ажиллуулах аргыг эрэлхийлж, улмаар хэрэглэгчдэд хайлтын хамгийн сайн шийдэл санал болгохоор ширүүн өрсөлдөж байна.
Энэ оны эхээр Microsoft корпораци мэдэгдэл хийж, OpenAI компанийн ChatGPT технологийг Edge браузэр болон Bing хайлтын системдээ холбож, хиймэл оюунд суурилсан браузэр, хайлтын систем үүсгэнэ гэдгээ зарласнаар технологийн орчин дахь энэ өрсөлдөөн улам ширүүсчээ.
Анх 2012 онд Google компанийн Chrome браузэр Microsoft компанийн Internet Explorer-ийг ардаа орхиж, дэлхийн хамгийн их хэрэглэгчтэй браузэр болсноор энэ зөрчилдөөн эхэлсэн гэж үздэг. Энэ цагаас хойш Chrome браузэрийн хэрэглээ тасралтгүй өссөөр 10 жилийн дотор зах зээлд эзлэж байгаа хувиа хорин есөөс жар гаруй хувь болгон нэмэгдүүлж, 2018 оноос хойш браузэрийн зах зээлд тэргүүлэгч хэвээр байсаар байгаа билээ.
2023 оны гуравдугаар сарын байдлаар, Google Chrome өрсөлдөгч нараа тасархай тэргүүлж, зах зээлийн 64,8 хувийг эзэлж байгаа бол Apple Safari 19.5 хувь, Microsoft Edge 4.6 хувь, Mozilla Forefox 2.9 хувийг тус тус эзэлж байна.
Гэвч удахгүй энэ тоо өөрчлөгдөнө гэж өнгөрсөн долоо хоногт нэгдүгээр улирлын тайлангаа олон нийтэд танилцуулсан Microsoft корпорацийн гүйцэтгэх захирал Сатъя Наделла мэдэгдсэн юм. Тэрээр мөн “Хиймэл оюунаар хүч нэмэгдүүлсэн Bing хайлтын систем болон Edge браузэрийг 2 сарын өмнө танилцуулснаас хойш зах зээлд эзлэх хувь хэмжээ нь нэмэгдэж байгаа ба Edge-ийн хувьд энэ үзүүлэлт сүүлийн 2 жил дараалан өсөлттэй байгаа бол Bing хайлтын системийн хувьд АНУ-ын хэрэглэгчдийн дунд хэрэглээ нь нэмэгдсэн” гэжээ.
Мөн үүнтэй зэрэгцээд Нью Йорк Таймс сэтгүүлд Samsung компани гар утаснуудынхаа үндсэн хайлтын системийг Chrome байсныг Bing болгож сольж байгаа гэсэн цуу яриа гарсан талаар мэдээ нийтлэгдсэн юм. Томчуудын өрсөлдөөн дунд гар хумхин суугаагүй Mozilla ч мөн найдвартай, бие даасан, нээлттэй эхийн AI экосистем болох Mozilla.ai нэртэй төслөө ч бас олон нийтэд танилцуулаад авсан. Энэ талаар FOX Business сайтад өгсөн ярилцлагадаа Mozilla-гийн ерөнхийлөгч Марк Сурмэн “Бид хиймэл оюун ухааны нээлттэй эхийн илүү олон төслүүдийг хөгжүүлэх хүсэлтэй байгаа ба ингэхдээ AI-н найдвартай, хариуцлагатай байдлыг чухалчлах болно” гэсэн байна.
Энэ мэтчилэн браузэрийн ертөнцөд өрнөж буй ширүүн тулааны эцсийн ялагч нь хэн байх вэ гэдгийг хэлэхэд эрт байгаа ч нэг зүйл тодорхой байгаа нь хиймэл оюуны тусламжтайгаар бидний өдөр тутам хэрэглэдэг хайлтын системүүд танигдахын аргагүй өөрчлөгдөж, үлэмж сайжрах нь тодорхой байна.
Эх сурвалж: interestingengineering.com