С.Лавров: Олон жилийн хугацаанд Украиныг ОХУ-ын эсрэг турхирсан
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Лавров: Олон жилийн хугацаанд Украиныг ОХУ-ын эсрэг турхирсан

/2022.7.5/ Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг болон ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров нар хэвлэлийн хурал хийж байна.

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг:

-Манай хоёр улс харилцаагаа идэвхжүүлж байгаад баяртай байна. Энэ хүрээнд иргэдийн харилцан зорчих болон хоёр улсын худалдааны хэмжээ нэмэгдэж байна. Өнгөрсөн жил МУ-ын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлалын үеэр тохиролцсон ажил хэргүүд, шийдлээ хүлээж буй олон асуудлыг хэлэлцэж, цаашдын төлвийг тодорхойллоо. Хоёр улсын харилцааг улам бэхжүүлэх сонирхлоо хоёр тал илэрхийлсэн. 2021 онд худалдааны хэмжээ хоёр тэрбум доллар давсан. Сүүлийн үед хоёр улсын бүс нутаг хоорондын хамтын ажиллагаа идэвхжиж, Алтанбулаг, Цагаан нуурын чөлөөт бүсүүдэд хамтран ажиллах сонирхол манай улсад байгаа.

Хамтарсан төслүүдийн хувьд эдийн засгийн коридор байгуулах хүрээнд хэрэгжүүлж буй БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх төслийн ажиллагаа хуваарийн дагуу явагдаж байна. Мөн төмөр замаар холбогдох ажлын талаар ярилцлаа.

Эрчим хүчний салбарт эрчим хүчний объектуудыг шинэчлэх, өргөтгөх хамтарсан төслүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр ярьлаа. Хөдөө аж ахуйн салбарт монгол малыг эрүүлжүүлэх чиглэлээр хамтран ажиллах талаар ярилцлаа.

Хүмүүнлэгийн салбарт, Монгол-Оросын хамтарсан ерөнхий боловсролын сургууль байгуулах ажлыг эрчимжүүлэх, Тэрбум мод хөтөлбөрийн хүрээнд хамтарч ажиллах, цөлжилтийн эсрэг хамтран тэмцэх, сансар судлалын салбарт хамтын ажиллагааг сэргээх талаар ярилцаж тохиролцлоо.

ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров:

-Оросын төлөөлөгчдийг халуун дулаанаар угтан авсан та бүхэнд талархлаа илэрхийлье. Дэлхийн II дайны үеийн хоёр улсын хамтын ажиллагаа, түүхийг дурсаж байна. Өнөөдрийн уулзалтаар Монгол Улсын ялалтад оруулсан хувь нэмрийг үнэлж баршгүй талаар дахин дурслаа. Цар тахлын дараа хоёр улсын харилцаа сэргэж, Б.Батцэцэг сайдын ОХУ-д айлчилсан айлчлалыг болон бусад хамтын ажиллагааг өндрөөр үнэллээ.

Монгол-Оросын худалдаа өнгөрсөн оны байдлаар өмнөх мөн үеийг бодвол 30 гаруй хувиар нэмэгдсэн байна. Манай хоёр улс сансар огторгуйг хамтран судалж, хамтран ажиллах боломжтой.

Сүүлийн олон жилийн хугацаанд Украин улсыг Оросын эсрэг турхирч, тус улсын нутаг дэвсгэрээс ОХУ-д аюул учруулах болсон. Бидний зүгээс Украинд болж буй үйл явдлын талаар үнэн бодит мэдээллийг хүргэхийг хүсэж байгаа. Харамсалтай нь, барууны орнууд үнэн бодит, хараат бус мэдээллийн эх сурвалжийг хязгаарлаж байна.

Монгол Улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллага, Европын эдийн засгийн холбоо хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагатай холбоо харилцааг өргөжүүлэх тал дээр тодорхой саналуудыг хэлсэн. Хоёр талын харилцааг бүрэн ашиглах өнөөдрийн яриа хэлэлцээрийн үр дүнд сэтгэл хангалуун байна.

“Дээлтэй Монгол“ наадам энэ бямба гарагт болно
“Дээлтэй Монгол“ наадам энэ бямба гарагт болно
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.