/2022.08.09/ Америкийн 25 муж, бусад олон газарт тамхигүй цэгт электрон тамхины хэрэглээг зогсоогоод байгаа юм.
Учир нь VAPE буюу электрон тамхийг татагчид түүний хор уршгийг бүрэн мэдэхгүйгээр хаа таарсан газартаа, олон нийтийн дунд энэ тамхийг өргөнөөр хэрэглэх зуршилтай болжээ.
ЭЛЕКТРОН ТАМХИ ТАТАЖ БУЙ ХҮНИЙ ДЭРГЭД БАЙХ НЬ ХОРТОЙ ЮУ?
Мэдээж хортой. Учир нь электрон тамхины утаа нь хорт хавдар үүсгэгч никотин, хэт нарийн ширхэгт тоосонцор, бага хэмжээний хорт бодисыг агуулдаг. Энэхүү нарийн тоосонцрын агууламж нь энгийн янжуурныхаас ч өндөр хувьтай.
Эдгээр бодис нь астма буюу гуурсан хоолойн багтрааг хүндрүүлж, зүрхний шигдээсийг өдөөгч хүчин зүйл болдог байна.
Электрон тамхинд дор хаяж 10 төрлийн химийн бодис бүртгэгдсэн бөгөөд эдгээр нь хорт хавдар үүсгэх, үргүйдлийг бий болгох хор уршигтай гэдгийг Америкийн тамхи татдаггүй иргэдийн эрхийг хамгаалах сангаас гаргажээ.
Тиймээс таны хажууд хэн нэгэн электрон тамхи татах оролдлого хийвэл түүнийг зогсоох нь таны эрүүл мэндэд тустай. Өөрөөр хэлбэл, дам тамхидалтад өртөгч нь ч мөн эрүүл мэндийн хувьд хохирно гэдгийг Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага тодорхойлжээ.
Мөн хүүхдүүдийн хувьд тархины хөгжилд нь саад учруулаад зогсохгүй анхаарал төвлөрлийг бууруулах, сурах чадварт нь сөргөөр нөлөөлнө гэжээ.
Энэ тамхийг хэрэглэдэг жирэмсэн эхчүүдийн хувьд ч мөн адил ургийнх нь тархины хөгжилд сөргөөр нөлөөлөх үр дагавартай гэдгийг анхааруулсан байна.
Эх сурвалж: Америкийн тамхи татдаггүй иргэдийн эрхийг хамгаалах сан