/2022.06.16/: Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярын урилгаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Энхийн ажиллагаа хариуцсан орлогч ноён Жан Пьер Лакруа энэ сарын 16-ны өдрөөс 19-ний өдрүүдэд манай улсад албан ёсны айлчлал хийнэ.
Тэрбээр айлчлалынхаа үеэр монгол цэрэг энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор зохион байгуулах “Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдал” сэдэвт Олон улсын энхийг сахиулагч эмэгтэйчүүдийн бага хуралд оролцоно.
Мөн “Хааны эрэлд-2022” энхийг сахиулах ажиллагааны олон улсын хамтарсан сургуулийн үйл ажиллагаатай танилцана.
Жан Пьер Лакруа нь 2021 оны гуравдугаар сард орчин цагийн Зэвсэгт хүчний 100 жилийн ойг тохиолдуулан ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Д.Ганзоригт баярын мэндчилгээ ирүүлж байсан юм.
Энэхүү мэндчилгээнд "Монгол Улс 2002 оноос эхэлж НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд цэргээ илгээсэн. Энэ цаг үеэс монгол цэрэг дэлхийн халуун цэгүүдэд үүрэг гүйцэтгэж байна. НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд өнгөрсөн хугацаанд үүрэг гүйцэтгэсэн болон одоо үүрэг гүйцэтгэж байгаа Монголын цэргүүдэд ёслон мэндчилэхийн ялдамд НҮБ-ын цэнхэр далбаан дор үүрэг гүйцэтгэж, дэлхийн энх тайвны төлөө амиа өргөсөн эрэлхэг цэргийн алба хаагчдад хүндэтгэл үзүүлж байна.
Өнөөдөр Монгол Улсын Зэвсэгт хүчнээс энхийг сахиулж байгаа дайчдын ихэнх нь БНӨСУ-д үүрэг гүйцэтгэж байна. Монгол Улс анх 2011 оноос тусгаар тогтнолоо олоод удаагүй байсан дэлхийн хамгийн залуу улс болох БНӨСУ-ыг хөл дээрээ бат зогсоход туслах зорилгоор тус улсад явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд энхийг сахиулагчдаа илгээсэн бөгөөд тэр цагаас өнөөг хүртэл маш хүнд нөхцөл байдалд үүрэг гүйцэтгэсээр ирсэн. Одоо тус улсын энхийн хэлэлцээрийг мөрдүүлэхэд Монгол Улсын Цэргийн баг, штабын офицерууд, цэргийн ажиглагч нар өөрсдийн мэдлэг, дадлага, ур чадвараа дайчлан ажиллаж байгаа бөгөөд тэд мэргэжлийн өндөр бэлтгэлжилт, үүрэг гүйцэтгэх чадвараараа бусдаас онцгойрч дэлхий дахинд танигдсан.
БНӨСУ болон бүс нутагт байгаа тоолж баршгүй олон иргэд Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнд итгэж, найдаж ирсэн бөгөөд одоо ч өөрсдийн аюулгүй байдлаа даатгасан хэвээр байна. Монгол Улсын Зэвсэгт хүчний энхийг сахиулагчдын үнэнч үүрэг гүйцэтгэл нь НҮБ болон Монгол Улсын аль алиных нь бахархал юм. НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчин тууштай хувь нэмэр оруулахын зэрэгцээ энхийн үйл ажиллагааг дэмжин ажиллаж буй явдалд бид бүхэн гүнээ талархаж байгаагаа илэрхийлье. НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаа бол дэлхийн энх тайван, аюулгүй байдалд оруулж буй үнэтэй хөрөнгө оруулалт юм гэдгийг онцлон тэмдэглээд, энхийн үйлсэд хамтдаа зүтгэх бидний хамтын ажиллагаа тасралтгүй үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байна" хэмээн онцолсон байдаг юм.
Эх сурвалж: БХЯ