/2022.06.08/: ДЭМБ-ын харьяа Хорт хавдрын судалгааны агентлагийн 185 орныг хамруулсан 2020 оны статистик мэдээгээр жилд 19.2 сая хүн хорт хавдраар өвдөж, үүний улмаас 9.9 сая хүн нас баржээ.
Сүүлийн хоёр жилд манай улсад хорт хавдрын өвчлөл 2020 онд 6702, 2021 онд 5981 бүртгэгдсэн бөгөөд зонхилон тохиолдох хорт хавдрын өвчлөлийн бүтцэд элэгний хорт хавдар 32.7 хувь, ходоодны хорт хавдар 16.1 хувь, уушиг, гуурсан хоолойн хорт хавдар 7.5 хувь, улаан хоолойн хорт хавдар 5.7 хувь, умайн хүзүүний хорт хавдар 5.2 хувийг эзэлсэн байна хэмээн Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээллээ.
Хорт хавдрын өвчлөлөөр элэгний хорт хавдар нэгдүгээрт, ходоодны хорт хавдар хоёрдугаарт орж байгаа бол хорт хавдрын шалтгаант нас баралтаар нэгдүгээрт элэг орж, ходоодны хорт хавдар, улаан хоолойн хорт хавдар удаалсан аж.
Дэлхийн улс орнуудад хорт хавдрын өвчлөл улам бүр ихсэх төлөвтэй байгаа боловч нас баралтын түвшин улс орон бүрийн авч буй арга хэмжээнээс хамаарч харилцан адилгүй байгаа юм байна. ДЭМБ-аас 2040 он гэхэд манай улсад хорт хавдрын өвчлөлийн шинэ тохиолдол 11,647-д хүрч, хорт хавдрын шалтгаант нас баралт 8767 болж өснө хэмээн тооцон таамаглажээ.
Хавдраас шалтгаалсан нас баралт 1990 оноос хойш нас баралтын хоёр дахь шалтгаан болсоор байгаа бөгөөд 56.1 хувь нь эрэгтэйчүүд, насны хувьд 40-өөс дээш насныхан 94.9 хувийг эзэлж байгаа аж.
Жилд шинээр оношлогдож буй хорт хавдрын 72,4 хувь нь хожуу буюу 3-4 дэх үе шат буюу төгс эмчлэгдэх боломж багассан үедээ оношлогдож байгаагаас нас баралтын түвшин өндөр байна.
2021 оны байдлаар 0-19 насны 115 хүүхэд хорт хавдраар өвчилсөн бөгөөд 55 хүүхэд нас баржээ. 2021 оны жилийн эцсийн байдлаар 24,141 хүн хорт хавдрын улмаас аймаг, дүүргийн хавдар судлаач эмчийн хяналтад байгаагийн 456 нь хүүхдүүд байна.
ДЭМБ-аас хавдрын урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлгийг амжилттай хэрэгжүүлснээр хорт хавдрын шалтгаант нас баралтыг 35-60 хувь бууруулах боломжтой хэмээн зөвлөжээ.
Эмэгтэйчүүдийн дунд зонхилон тохиолдож байгаа хорт хавдрын өвчлөл болох умайн хүзүү, хөхний хавдрын чиглэлээр 2012 оноос эхлэн хүн амд суурилсан умайн хүзүү, хөхний хорт хавдрын эрт илрүүлэг (скрининг)-ийг Монголын мянганы хөгжлийн сангийн санхүүжилтээр эхлүүлэн өнөөг хүртэл жил бүр зорилтот насны бүлгийн (30-60 нас) эмэгтэйчүүдийг гурван жилийн давтамжтайгаар хамруулж байгааг сайд С.Энхболд дурдсан.
Эрүүл мэндийн сайдын 2022 оны гуравдугаар сарын 15-ны өдрийн “Журам батлах тухай” А/139 дүгээр тушаалаар гаргасан журмын дагуу “Хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоо”-г орон даяар 2022 оны тавдугаар сарын 1-ны өдрөөс эхлүүлээд байна. Энэ үзлэгээр улаан хоолой, ходоод, элэг, уушги, бүдүүн шулуун гэдэс, хөх, умайн хүзүүний хавдрыг эрт илрүүлэх боломжтой хэмээн сайд хэллээ.
2022 оны тавдугаар сарын 24-ний өдрийн байдлаар урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд улсын хэмжээнд 98,846 хүн хамрагдсанаас 56.1 хувь нь Улаанбаатар хотод, 43.9 хувь нь орон нутагт хамрагдсан байна.
Эх сурвалж: ЭМЯ