/2022.06.07/ Эрээнд хөл хорио тогтоосонтой холбоотойгоор Гадаад харилцааны яамны Олон улсын гэрээ, эрх зүйн газрын Хилийн хэлтсийн дарга Д.Болд мэдээлэл өглөө.
Тэрээр:
-Зургаадугаар сарын 2-нд Эрээн хотод ковид-19 халдварын 4 тохиолдол бүртгэгдсэн. Тиймээс тухайн үед тус хотын шуурхай штабаас хатуу хөл хорионы дэглэм тогтоох шийдвэр гаргасан. Өнөөдрийн байдлаар Эрээн хотын гудамжинд ямар ч хөдөлгөөнгүй байна гэсэн үг. Өнөөдөр өглөөний 09:00 цагийн байдлаар нийт 149 тохиолдол бүртгэгдсэн байна. Замын-Үүд-Эрээн чиглэлийн автозамын боомт зургаадугаар сарын 2-ноос өнөөдрийг хүртэл хэвийн ажиллаж байна. Гэхдээ орж ирэх чингэлгийн тоо өмнөхөөсөө 2 дахин буурсан. Өдөртөө 30-40 чингэлэг орж ирж байгаа. Эрээнд одоогоор яг хэдий хугацаанд хөл хорио тогтоосон нь тодорхойгүй байгаа. Гэхдээ 21 хоног хатуу хөл хорио тогтоох болов уу гэсэн төсөөлөлтэй байна. Аль болох хилийн боомтыг бүр хаалгачихгүй бага багаар чингэлэг тээврүүдээ оруулж ирэх тал дээр Эрээний талтай ярилцаж байна гэлээ.