/2022.06.06/: Касахстанд өрнөсөн өргөн хэмжээний үймээн самууныг зогсоосны дараа бүх нийтийн санал асуулгаар казахчуудын дийлэнх нь үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг дэмжсэн гэж сонгуулийн хороо мэдэгдэв.
Сонгуулийн хорооны дарга Нурлан Абдиров даваа гарагт "Ард нийтийн санал асуулга хүчин төгөлдөр болсон гэж үзэж болох бөгөөд урьдчилсан дүнгээр сонгогчдын 77 хувь нь дэмжсэн" гэж мэдэгдэв.
Ням гарагт болсон бүх нийтийн санал асуулгад иргэд 68 гаруй хувийн ирцтэй оролцсон гэж мэдээлэв.
Автомашины шатахууны үнийн өсөлттэй холбоотой эхэлсэн тайван жагсаал эцэстээ цуст мөргөлдөөн болж улмаар 230 гаруй хүн амь үрэгдэж, эрх баригчид Орос тэргүүтэй аюулгүй байдлын эвслийн цэргийн хүчнээс тусламж авахад хүргэсэн билээ.
Хүчирхийллийн дараа “Шинэ Казахстан” улс байгуулахыг хүсч байгаагаа одоогийн ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев илэрхийлсэн юм.
69 настай Токаев ээлжит бус санал асуулгыг "супер ерөнхийлөгч буюу хэт эрх мэдэлтэй" засаглалыг өөрчилсөн гэж тайлбарлав.
Хуучин ерөнхийлөгч болох 81 настай Назарбаевт ямарч тусгай эрх олгогдоогүй нь шинэ үндсэн хуульд оруулсан хамгийн анхаарал татсан өөрчлөлт юм.
Нэгдүгээр сарын хямралаас өмнө Токаевыг Назарбаев болон түүний төрөл төрөгсөд сүүдрээс захирч байна гэж олон нийт үзэж байсан юм.
Назарбаев ерөнхийлөгчийн суудлаасаа буусны дараа ч гэсэн үндсэн хуульд заасан “элбасы” буюу “үндэсний удирдагч” гэсэн цолыг хадгалсан бөгөөд энэ нь түүнд албан тушаалын байр сууринаас үл хамааран бодлого боловсруулахад нөлөөлөх үүргийг олгосон юм.
Мэдээж Шинэ Үндсэн хуульд энэ цолыг хасахаар тусгажээ.
Шинэ үндсэн хуульд оруулж байгаа өөр нэг нэмэлт өөрчлөлт нь Ерөнхийлөгчийн хамаатан саданг төрийн албан тушаал хашихыг хориглосон байна. Ингэснээр хүчирхэг албан тушаалаа алдсан Назарбаевын гэр бүл, хадмуудын нөлөө энэ улсад мэдэгдэхүйц буурах аж.