/2022.06.06/ “Старт ап Праймер” лаборатори Эмээлт дэх мах бэлтгэлийн үйлдвэрээс ирүүлсэн махны дээжид молекул биологийн аргаар буюу PCR-ын шинжилгээ хийж, хариуг нь танилцуулжээ.
Тус лабораториас гарсан шинжилгээний хариуг хүргэж байна. Тодруулбал,
"Эмээлтээс ирсэн махны дээжид молекул биологийн аргаар буюу PCR-ын шинжилгээг мултиплекс PCR-ын цомог ашиглан зооноз ба хүнсний халдвар, хордлого үүсгэгч 8 төрлийн бактерийн тандан шинжилгээ хийлээ. Ингэхэд,
- Дээж №1-д Aeromonas hydrophila болон Pseudomonas spp нянгууд,
- Дээж №2-т Salmonella spp, Aeromonas hydrophila болон Pseudomonas spp нянгууд илэрсэн болно.
Salmonella spp бол зооноз өвчин үүсгэгч нян.
Aeromonas hydrophila болон Pseudomonas spp нянгууд нь тохиромжой нөхцөл бүрдсэн үед буюу махны эрүүл ахуй, хадгалалтын горим алдагдсан үед үржин олширох чадвартай ашигч бактериуд бөгөөд малаас бус орчны бохирдолтоос үүдэлтэй өсөж үрждэг хүйтэнсэг эмгэг төрүүлэгчид юм.
Бүх дээжүүдэд антибиотикийн үлдэгдэл илрээгүй болно.
Монгол улсын хэмжээнд мах болон махан бүтээгдэхүүнд формальдегид илрүүлэх стандарт арга зүй байхгүй учраас тус компанийн Махны судалгаа хөгжүүлэлтийн лаборатори нь бусад (сав баглаа боодол, хуванцар сав) төрлийн дээжинд формальдегид илрүүлэх аргыг туршин хийсэн шинжилгээнд формальдегид илрээгүй болно. Энэ нь стандарт бус арга учраас маргаан таслах хэмжээнд дүгнэлт гаргах боломжгүй юм" гэжээ.
Эх сурвалж: Startup primer