/2022.05.27/: Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдийн хамт Өмнөговь аймагт ажиллаж байна. Шинэ сэргэлтийн бодлогын Боомтын сэргэлтийн хүрээнд Гашуунсухайт боомтын төмөр замын шилжүүлэн ачих терминалын бүтээн байгуулалтын нээлт өчигдөр боллоо.
Энэ үеэр Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм.
Тэрээр "Өнөөдрийн байдлаар уурхайн аман дээр их хэмжээний нүүрс бөөгнөрсөн байгаа. Учир нь гарц гарахгүй байна. Боомтын сэргэлтийн хүрээнд гарцууд нээгдээд, төмөр зам ажиллаад эхлэхээр уурхайчдад үүрэг, хариуцлага нэмэгдэнэ.
Дэлхий дахинд нүүрснээс татгалзах бодлого явж эхэлсэн. Тэгэхээр бидэнд цаг үетэй уралдаж ажиллах шаардлага тулгарч байна. Үүний хүрээнд ил уурхайнуудаа нэн яаралтай эдийн засгийн эргэлтэд оруулахаар төлөвлөж байна. Мөн далд уурхайгаа ашиглах ажлыг зэрэг эхлүүлэх гэж байна.
Төсвийн тодотгол сая хийгдсэн. 2021 оны эхний хагас жилд төлөвлөгөө 50 хувиар тасарсан. Тиймээс ногоон гарцын журмыг тус оны наймдугаар сард эхлүүлсэн. Үүний үр дүнд нэг сарын хугацаанд таван сая орчим тонн нүүрсийг экспортод гаргасан. Гэтэл оны эхнээс өнөөдрийг хүртэлх хугацаанд ийм хэмжээний нүүрс л гаргасан байна.
Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд чингэлэг тээврийн терминалуудаар нэг сард таван сая тонн нүүрс гаргана гэж төсөөлж байгаа. Ер нь Гашуунсухайт боомт уул уурхайн бүтээгдэхүүний экспортод маш чухал боомт. Тиймээс өнөөдөр экспортын гарцын бөглөөсийг авах бүтээн байгуулалтын ажил өнөөдөр нээлтээ хийж байна" гэв.
Эх сурвалж: УУХҮЯ