/2021.08.10/: ОХУ-ын Ойн түймрийн албанаас мэдээлснээр 1397 га талбай хамарсан 51 байгалийн түймрийг нэг өдрийн дотор унтраасан байна. 2021 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн байдлаар ОХУ-д 1,542,272 га талбайг хамарсан 174 ойн түймэр гарч байгааг унтраахаар ажиллаж байна. Үүнээс 1,395,403 га талбайг хамарсан 90 түймэр Якутад асаж байгаа юм байна.
Якутад гарч буй ойн түймрийн улмаас олон арван баавгай авто зам дээр гарч ирж байгаа тухай Оросын “Россия 24” сувгаар видео бичлэг цацагдсан ба тэдгээр амьтад жолооч нараас хоол хүнс авч байжээ. Үүнтэй холбоотойгоор мэргэжилтнүүд амьтдыг аль болох гараас хооллохгүй байхыг сануулсан байна. Учир нь баавгайд хүмүүсийн өгч буй хоол хүнс нь тэдний өлийг дардаггүй байна. Ингэж хооллосноор цаашид зам дээр гуйлга гуйх нь ихсэж улмаар хүмүүст дассанаар ойролцоох хүн суурьшсан бүс рүү нэвтрэх оролдлого хийснээр тааварлашгүй асуудлуудтай тулгарч болзошгүй юм.
Якут мужийн засаг захиргааны хэвлэлийн албанаас тус мужид гарсан ойн түймэр газар авч хүн ам суурьшсан тосгод руу орж эхэлж байгаатай холбогдуулан онцгой байдал зарлаж байгаа тухай мэдээллээ.
7-р сарын 23-с эхлэн Якутад ойн түймэр гаран өнөөг хүртэл үргэлжилж байгаа тул мужийн тэргүүн онц байдал зарлах тушаал гаргасан юм. Түймрийн улмаас орон гэргүй болсон Бясь-Кюель дүүргийн иргэдэд туслах, шинээр байшин барихад нь санхүүгийн дэмжлэг үзүүлхээр тус мужийн төсвөөс хөрөнгө гаргахаар болжээ. Тус дүүрэг рүү ойн түймэр түрэн орж ирснээр 31 айлын байшин галд автан шатсан ба бусад хүн амыг нүүлгэн шилжүүлэх ажил хийгдсэн байна.
Эх сурвалж: tass.ru