/2022.4.18/ Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мэдээлэл өглөө.
Тэрээр "Манай улсад биологийн зэвсгийн зориулалттай лаборатори БАЙХГҮЙ. Хоёр хөрш орнууддаа шаардлагатай мэдээллүүдийг өгдөг байх, тайлбарыг хийж байхад илүү анхаарч байх ёстой юм байна гэж ойлголоо" гэлээ. Мөн тэрээр:
"Манай яам улстөрийн нарийн харилцааг хийж байдаг. Системийн хэмжээнд 400 орчим дипломат ажиллаж байна. Бүх асуудалд тэнцвэрийг хангаж, гадаад бодлогын үзэл баримтлал, байр суурь бодлогын түвшинд ямар байдаг вэ гэдгийг баталж, асуудал үүсэж буй бүхэнд тайлбар хийх, харилцан ойлголцох ажлуудыг маш сайн хийж байгаа гэж хэлнэ. Манай улс бүх оронтой найрсаг байдаг энэ харилцаагаа хадгалахын тулд хоёр хөрштэйгээ байнга мэдээлэл солилцож, тайлбар өгч ажилладаг. Энэ тэнцвэрийг гуравдагч хөршүүдтэйгээ ч хангаж ажилладаг".
Мөн тэрээр хятад улстай холбоотой хил гаалийн хаалттай байгаа асуудалд дараах хариултыг өглөө. Б.Батцэцэг:
"Хэвийн байдалд оруулахын төлөө сүүлийн хоёр жилд өдөр шөнөгүй Гадаад харилцааны яам ажиллаж байна. Энгийнээр хэлвэл дипломат түвшинд байнга хүсэлтээ илэрхийлэх, бусад улсаас илүү ойлгохыг хүсэж бүхий л түвшинд харилцаж байгаа. Улстөрийн түвшинд ямар ч үл ойлголцол байхгүй, маш сайн байгаа. БНХАУ-ын зүгээс манай улсад бүх боломжийг олгож байгаа. Хятад улсын хувьд ковидын дэглэм нь маш чанга байгаа. Ковидыг 0 байлгах сахилга хариуцлагын асуудалд чанд биелүүлж ажиллаж байгаа. Хятад улс 100 гаруй боомттой. Эдгээрийн тал хүрэхгүй нь ажиллаж байгаа. Оростой хиллэж байгаа 18 боомтын 5 нь ажиллаж байна, манайтай хиллэж буй 15 боомтын 5 нь ажиллаж байна гэх мэтээр. Хил залгаа улсууддаа ковидтой хүн оруулахгүй байж, халдвар хамгааллын дэглэмээ сайтар хангаж ажилла л гэж байгаа юм. Манай улсыг ч мөн адил. Халдвар хамгааллаа сайн хангавал болно л гээд байгаа. Манай улс хил боомт дээрээ алдаа гаргасан" гэж ярьлаа.