Шатахууны үнийг дээд цэгт нь “барина“
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шатахууны үнийг дээд цэгт нь “барина“

/2022.04.15/ Засгийн газрын өнөөдрийн ээлжит бусаар хуралдсан хуралдааны шийдвэрийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулж мэдээлэл хийлээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ,

Монгол Улсын иргэд, үзэл бодлоо илэрхийлж, тайван жагсаал цуглаан хийсэн оюутан залуучууд аа,

Жагсаалын үеэр тавьсан 15 багц шаардлага болон бичгээр ирүүлсэн 270 орчим саналыг Засгийн газар нухацтай судалж, Ажлын хэсэг байгуулж, холбогдох мэргэжлийн байгууллагууд болон судалгааны байгууллагатай хамтран ажиллаж байна.

Тавигдсан саналуудыг багцалж үзвэл 74 хувь нь үнийн өсөлтийг хязгаарлах, 15 хувь нь төсвийн үргүй зардлыг хэмнэх, 12 хувь нь шударга бус байдал, авлига, тэгш бус байдлыг халах, 12 хувь нь цалин, нийгмийн баталгааг нэмэгдүүлэх суурь шинэчлэлийг хийхтэй холбоотой саналууд байлаа.

Дэвшүүлсэн асуудлуудын 60 орчим хувийг ойрын хугацаанд шийдвэрлэх, үлдсэн хувь нь тогтолцооны шинэчлэлийг хийх байдлаар дунд хугацаанд шийдэгдэх боломжтой байна.

Дүгнэж үзвэл, ОХУ-Украины зөрчил болон хөрш орнуудад эрчимжээд буй цар тахлын халдварын цочрол, түүнээс үүдсэн хямрал, тогтолцооны реформ шаардсан нийгмийн захиалга байна.

Засгийн газар боломжит бүх хувилбараа дайчилж, нийт ард иргэдтэйгээ хамтарч, арга хэмжээ авна.

Засгийн газар хуралдаж, үе шаттайгаар шийдвэрлэх дараахь шийдвэрүүдийг гаргаж байна гэлээ. “Энэ бол явцын мэдээлэл” гэдгийг Ерөнхий сайд онцлон хэллээ.



Нэг. Үнийн өсөлтийг бууруулах талаар авч буй арга хэмжээ:

· Монгол Улсын Засгийн газраас ОХУ-Украины хямралт байдлаас үүдэж, олон улсад үүсэж буй эдийн засгийн түр хугацааны шокоос урьдчилан сэргийлэх зорилго бүхий гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг УИХ-д өргөн барьж, яаралтай горимоор өнөөдөр батлууллаа. Энэ хууль хэрэгжиж эхэлснээр:
o Нэгдүгээрт. Олон улсын зах зээл дээр огцом өсөж буй бензин шатахууны үнийг тогтвортой байлгах зорилгоор шатахуун импортлогч компаниудад шаардлагатай валютын эх үүсвэрийг хөнгөлөлттэй нөхцөлөөр олгож, зээлийн хүүний татаасыг төрөөс хариуцаж, эргэлтийн хөрөнгөтэй холбогдох асуудлыг нь бүрэн шийдвэрлэж байна. Энэ нь бензин шатахууны үнийг тодорхой хугацаанд тодорхой хэмжээнд тогтоон барих болно гэж харж байна. Гэвч зах зээлийн зарчмыг төрөөс байнга зохицуулах нь боломжгүй боловч ер бусын хямралын цаг үе гэдгийг онцлон тэмдэглэж байна.
Шатахуун бол суурь үнийг хөөргөддөг учраас бид энэхүү шийдвэрийг гаргаж байгаа юм.
Энэ багц арга хэмжээнд нийт 100 орчим сая доллар зарцуулах тооцоо гарсан.
o Хоёрдугаарт. Гурил, махны үнэ. Энэ хууль батлагдсанаар төрөөс үйлдвэрлэгч нарт хөнгөлөлттэй зээл олгож, улмаар тариаланчдад хуримтлагдсан өмнөх жилүүдийн улаан буудайн нөөцийг худалдаж авна. Ингэснээр дэлхий дахинд үүсээд буй улаан буудайн хомсдолоос урьдчилан сэргийлж, энэ хаврын тариалалтад онцгой анхаарах боломж бүрдэнэ.

Мөн өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар цагаан будаа болон элсэн чихэр, ургамлын тосны импортын гаалийн албан татварын таван хувийг түр хугацаанд тэглэх саналыг УИХ-д оруулахаар тогтлоо.

Дотоодын ургамлын тос үйлдвэрлэгчдийн борлуулалтын болон үйлдвэрийн үндсэн түүхий эдийн нэмэгдсэн өртгийн албан татварыг чөлөөлөхөөр шийдвэрлэлээ.

Дотоодын хүнсний үйлдвэрүүдийг дэмжихэд зориулж, нэг их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгож, шаардагдах хүүгийн татаасыг төсвөөс олгохоор боллоо. Хүнсний ногоо, улаан буудай, тосны ургамал тариалах, хүнсний агуулах, зоорь барих, боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагааг дэмжих болно.

Цар тахал, геополитикийн нөхцөл байдал нь одоогийн байдлаар үнийн өсөлт үүсэхэд нөлөөлж байна, цаашид гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний хомсдол үүсэхийг ч үгүйсгэхгүй.

Хоёр. Төсвийн зардлыг хэмнэх тухай:

Үе үеийн төр засаг төсвийн хэмнэлттэй холбоотой асуудлуудыг тодорхой түвшинд шийдвэрлэдэг байсан боловч нэгдсэн хуулиар зохицуулж чадалгүй өнөөдрийг хүрсэн.

Засгийн газрын өнөөдрийн хурлаар Төсвийн хэмнэлтийн тухай хуулийг УИХ-д өргөн барихаар тогтлоо. Энэ хуулиар дараахь зүйлсийг зохицуулна.

- Төрийн өмчит нийт 39 аж ахуйн нэгжийг олон нийтийн шууд хяналтад оруулах, 10 компанийг нэгтгэн нийлүүлэх, цаашид төр оролцох шаардлагагүй санхүүгийн эрсдэлтэй 10 компанийг татан буулгах, худалдах арга хэмжээ авна.

- Хот суурин газарт зөвхөн сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нар суудлын жижиг оврын автомашин хэрэглэнэ.

- Цаашид төрийн өмчид байгаа автомашинуудыг бусад тээврийн хэрэгслээс ялгах улсын дугаарын өнгөтэй болгоно.

- Чиг үүргийн давхардлыг арилгаж, төрийн бүтээмжийг дээшлүүлж, шинээр орон тоо нэмэгдүүлэхгүй.

- Хэмнэх боломжтой бүхий л зардлыг 10-15 хувь хэмнэнэ.

- Гар утасны зардал, зочин төлөөлөгч хүлээж авах, бэлэг авах зардлыг төрөөс төлөхгүй бөгөөд гадагшаа томилолтоор явахдаа зөвхөн энгийн ангиллаар зорчиж, үндэсний авиа компаниар үйлчлүүлнэ.

- Төрийн тусгай албан хаагчаас бусад албан хаагч дүрэмт хувцас хэрэглэхгүй байна.

- Төрийн байгууллагууд сургалт, семинар, зөвлөлгөөнийг зөвхөн цахимаар зохион байгуулна.

Гурав. Бусад шаардлагуудын тухай

Нэг. Төсөвт байгууллага, газрын тос, уул уурхайн чиглэлээс бусад аж ахуйн нэгжийн ажилтан төлдөг нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг он дуустал буцаан олгоно.

Хоёр. Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалингийн доод түвшинг үе шаттайгаар нэмэгдүүлнэ.

Гурав. Нийслэл хотын цэцэрлэг, сургуулийн хүртээмж бага байгаа дүүрэг, хороодод хувийн хэвшлийн цэцэрлэг сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор хувьсах зардлыг хоёр дахин нэмнэ. Аж ахуйн нэгжүүд өөрийн ажилчдын хүүхдүүдэд зориулж цэцэрлэг ажиллуулбал татвар ногдох зардлаас хасаж тооцно.

Эх сурвалж: Засгийн газар

Ерөнхий сайдын ОНЦЛОХ 10 ШИЙДВЭР
Ерөнхий сайдын ОНЦЛОХ 10 ШИЙДВЭР
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.