/2022.04.15/: Монгол Улс цахим визийн www.evisa.mn системийг 2021 оны аравдугаар сарын 01-ний өдрөөс нэвтрүүлж, ашиглалтад оруулсан.
Манай улсыг зорих жуулчдын тоогоор тэргүүлдэг Европын 32 улс, Австрали, Шинэ Зеланд, БНСУ, БНХАУ зэрэг гадаадын 36 улсын иргэд уг системээр 30 хүртэлх хоногийн хугацаатай, 3 ангиллын визийг цахимаар мэдүүлж, 20-72 цагийн дотор виз авах боломжтой болсон.
Монгол Улсын цахим визийн загварыг Гадаад харилцааны сайд, Хууль зүй, дотоодын хэргийн сайд нар хамтран баталж, Олон улсын иргэний нисэхийн байгууллагад албан ёсоор бүртгүүлэн, гадаад улсуудад дипломат шугамаар мэдэгдсэн.
Цахим визийн системийг нэвтрүүлснээс хойш 2022 оны дөрөвдүгээр сарын 15-ныг хүртэл гадаадын 656 иргэн виз мэдүүлж аваад байна. Үүнээс хамгийн олон визийг Солонгос, Франц, Их Британийн иргэд мэдүүлсэн байна.
Монгол Улсын хилээр нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөн сэргэж, аялал жуулчлалын улирал дөхөж байгаатай холбогдуулан сүүлийн сард цахимаар виз мэдүүлэх иргэдийн тоо хоёрдугаар сартай харьцуулахад 2 дахин өссөн үзүүлэлттэй байна.
Цаашид цахимаар виз авч Монгол Улсад зорчих боломжтой улсын тоо, зорчих визийн ангиллыг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллана.
Цахим визийн системийг нэвтрүүлснээр иргэдийн зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх, виз олгох үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэх, төрийн үйлчилгээг чирэгдэлгүй шуурхай үзүүлж, цахим засаглалд шилжих, тодорхой зардлыг хэмнэх зэрэг олон талын ач холбогдолтой бодит үр дүн бий болж байна.
Эх сурвалж: ГХЯ