/2022.03.17/: Өдөр тутмын сонинуудын холбооноос “Түгжрэлийн шийдэл” хэлэлцүүлэг зохион байгуулж байна.
Хэлэлцүүлэгт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, Нийслэлийн Засаг даргын Авто замын түгжрэлийг бууруулах болон зам, тээврийн асуудал хариуцсан орлогч Б.Одсүрэн тэргүүтэй нийслэлийн холбогдох газрын удирдлагууд оролцсон юм. Хэлэлцүүлгийн эхэнд түгжрэлийн өнөөгийн нөхцөл байдлыг танилцууллаа. Улаанбаатар хот 1.6 сая орчим иргэнтэй, 414 мянган өрхтэй.
Хотын хүн амын тоо жилд дунджаар 80 мянгаар нэмэгдэж байна. Өдгөө 659 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаа. Энэ чигээрээ хоёр жил болоход Улаанбаатар хот тэг зогсолт хийхэд хүрчээ.
Их тойруу, Бага тойрууд буюу хотын төвд аж ахуйн нэгж, байгууллага, их сургуулийн олонх нь үйл ажиллагаа явуулж байгаа нь нягтаршил үүсгэж, нэг төвт хот болгож буй. Мөн сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ нь түгжрэлд тодорхой хэмжээгээр нөлөөлж байна. Тодруулбал, 100 мянга орчим хүүхэд сургууль, цэцэрлэгтээ хувийн тээврийн хэрэгслээр хүргүүлж байгаа юм. Иймээс сургууль, цэцэрлэгийг нэмэгдүүлж, нэг төвт хотоос олон төвт хот болгох, төвлөрлийг сааруулах дэд төвүүдийг байгуулах, уулзваруудыг хоёр түвшинд оруулах гэх мэт ажлуудыг хийж байгааг онцоллоо.
Түгжрэлийн гарц, шийдэл, боломжуудын талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар танилцуулсан юм. Тэрбээр “Улаанбаатар хотын сүүлийн 30 жилд төлөвлөлтийн алдаатай явж ирсэн. Энэ алдааг гурван сар, гурван жилийн хугацаанд шийднэ гэвэл эндүүрэл. Харин үе шаттай, судалгаа, төлөвлөгөөтэй ажлуудыг хийх шаардлагатай байна. Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг 27 жилийн дараа шинэчлэн батлуулсан. УИХ-д Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн түр хороо байгуулагдлаа. Засгийн газар, УИХ-аас нийслэлийг маш сайн дэмжиж байгаа.
Түгжрэлийг бууруулахад зөвхөн зам, гүүр, зогсоол тавиад, дугаарын хязгаарлалт хийгээд шийдчихгүй. Сургууль, цэцэрлэгийн хамран сургах тойрог, төлөвлөлт, зөв зохицуулалт, нийтийн тээврийн шинэ соёлыг нэвтрүүлэх, парк шинэчлэх, явган болон дугуйн замын тохижилт зэрэг маш олон хүчин зүйлээс хамааралтай. Бүх зүйл цогцоороо явж байж, энэ түгжрэлийг шийднэ” хэмээлээ.
2022-2024 онд нийслэлд шинээр 41 км гол гудамж зам, 43.2 км туслах гудамж зам, уулзварын дахин инженерчлэл 30 байршилд, мөн 98 км явган, дугуйн зам хийхээр төлөвлөөд байна.
Эх сурвалж: НЗДТГ