/2022.02.24/: Цэргийн тусгай ажиллагааны эсрэг зөвшөөрөлгүй жагсаалын үйл ажиллагаа явуулах үеэр цагдаа нар Москва хотын төвд 600 хүнийг саатуулжээ.
Энэ тухай ТАСС агентлагт ОХУ-ын Дотоод хэргийн яамны Москва хотын Ерөнхий газрын хэвлэлийн албанаас иш татан мэдээлэв.
“Нийслэлийн төвд цэргийн тусгай ажиллагааны эсрэг зохион байгуулагдсан зөвшөөрөлгүй арга хэмжээний үеэр 600 хүнийг баривчилсан” гэж хэвлэлийн албанаас мэдээллээ. Нийтийн хэв журам зөрчсөн хэргээр хүмүүсийг саатуулж, одоо харьяа нутаг дэвсгэрийн цагдаагийн хэлтсүүдэд шилжүүлэн шалгаж байгаа талаар ДХЯ-ны Ерөнхий газраас мэдээллээ. Тэдэнд холбогдох хуулийн дагуу хариуцлага тооцох асуудлыг шийдэж байна” гэж төв газраас нэмж хэлэв.
ТАСС агентлагийн сурвалжлагчийн мэдээлснээр, одоогийн байдлаар хууль бус үйл явдлыг хууль сахиулагчид таслан зогсоож, хүмүүс тарсан байна.
Хоёрдугаар сарын 24-ний орой Москва хотын төв дэх “Пушкинская” талбайд цэргийн тусгай ажиллагааг эсэргүүцэгчид цугларчээ. Дараа нь цугларсан хүмүүс “Страстной бульвар”-аар дамжин “Большая Дмитровка”-д ирж жагсаал зохион байгуулжээ. “Трубная” талбай руу явах замд хууль бус жагсаалд оролцогчид тусгай салааны хамгаалалтыг хараад олон хүн тарж эхлэв. “Страстной бульвар”-ын орчимд нэгэн охин тусгай салааныхан руу коктейль шидсэний улмаас баривчлагджээ. Жагсаал цуглааны улмаас хэрэгтэн тээвэрлэдэг тусгай машин эвдэрсэн байна. Хэргийн газар шинжээчид болон эмнэлгийнхэн ажиллаж байна.
Өчигдөр ОХУ-ын Дотоод хэргийн яам, Мөрдөн байцаах хороо, Москвагийн Прокурорын газар хууль бус олон нийтийн үйл ажиллагаанд хариуцлага тооцохыг анхааруулсан. Олон нийтийг хамарсан эмх замбараагүй байдал зохион байгуулсан, эрх баригчдын төлөөлөгчийг эсэргүүцсэн тохиолдолд шоронд хорих аюул заналхийлж байгааг тэмдэглэв.
Хоёрдугаар сарын 24-нд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Донбассын бүгд найрамдах улсуудын удирдагчдын хүсэлтийн хариуд цэргийн тусгай ажиллагаа явуулахаар шийдсэн гэж мэдэгдэв. Москвагийн төлөвлөгөөнд Украины газар нутгийг эзлэх асуудал ороогүй гэдгийг Оросын удирдагч онцолжээ. ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас Оросын арми Украины хотуудад цохилт өгөхгүй, цэргийн дэд бүтцийг өндөр нарийвчлалтай аргаар эвдсэн гэж мэдэгдэв. Энгийн хүн ам аюулд өртөөгүй гэж тус хэлтэс баталж байна.
Эх сурвалж: ТАСС