/2022.02.24/ Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр болсон. Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар мэдээлэл хийж байна.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг:
-Манай улс иргэдээ татаж авах асуудлыг шийдхээр ажиллаж байна. Одоогийн байдлаар Украин улс агаарын хилээ хаасан байдалтай байна. Олон улсын нислэгүүд цуцлагдсан.
Манай улсын хувьд эхний ээлжинд энэ сарын 26,27-ны нислэгт 21 хүний суудал захиалчихсан байна. Тухайн иргэдийг татаж авах бүх зардлыг төрөөс хариуцна.
Агаарын тээврээр нисэж ирэх боломжгүй иргэдийг Польш улсаар дамжуулан татан авна. Хамгийн боломжтой аргаар шуурхай татаж авахыг хичээж байна. Одоогийн байдлаар гэмтэж, бэртсэн монгол иргэн байхгүй.
Тухайн улсад байгаа манай улсын иргэд ирэх эсэх нь өөрсдийнх мэдэх хэрэг. Одоогийн байдлаар 22 иргэн ирэхгүй гэдгээ мэдэгдээд байна. Түүнчлэн хоёр оюутан ирж чадахгүй гэдгээ хэлсэн. Украинд байгаа хүмүүс хоргодох байранд байна.
Дэлхийн бүхий л улс орнууд өөрсдийн орны иргэдээ татаж авахын тулд тал талдаа ажиллаж байна.