/2022.1.28/ Улаанбаатар хотын захирагч бөгөөд Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазар livetv.mn сайтад томоохон ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагаас онцлох эшлэлүүдийг хүргэж байна.
УЛААНБААТАР БОЛ ГАДНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ТАТАХ
ХОЁР ДАХЬ ОЮУТОЛГОЙ
1. Бид мөрийн хөтөлбөрөө л барьж ажиллана. Энэ бол бидний ард түмэндээ өгсөн амлалт.
2. Цахим засаглалд шилжих, хүнд суртал, авлигагүй төрийн үйлчилгээг бүрдүүлэх үндэсний хороо, Хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах, авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хороод байгуулагдсан нь төрийн бодлого, үйл ажиллагаа бүх шатандаа жигд явах, бодлогын нэгдмэл түвшинд зангидагдах давуу талыг бий болгож байгаа. Цаг хугацаа хэмнэх, үйл ажиллагааг хурдтай явуулах боломж гэж харж байна. Мэдээж хурдтай, хариуцлагатай ажиллах ёстой, амлалтаа биелүүлэх ёстой.
3. Өнгөрсөн хугацааг харахад, цар тахал, ковидын улмаас бүтээн байгуулалтын ажил, хөгжлийн ажил явах боломж, бололцоо хомс байсан хэдий ч бид хууль, эрх зүйн реформыг хийж, сууриа маш сайн тавьж авсан. Үүний үр дүнд Улаанбаатар хот хөрөнгө оруулалтыг татах, бие даасан эдийн засагтай болох, ажлын байр нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, бүтээн байгуулалтыг хийх хууль, эрх зүйн суурийг санхүүтэй нь хамт 2021 онд хийж чадсан.
4. Хот байгуулалтын тухай хууль, Хот төлөвлөлтийн тухай хуулиудыг шинэчлэх, Улаанбаатар хотын стандартыг хуульчилж өгөх шаардлагатай. Ийм зүйлүүдийг хуульд суулгаж, нэг мөсөн сайн суурьтай юм хийж өгвөл дараа нь Хотын дарга хэн нэгэн болоход, яг энэ миний үзсэн асуудалтай тулгарахгүйгээр хотын ажил урагшаа эрчтэй, цаг хугацаатайгаа уралдаж хурдтай явдаг л байх ёстой.
5. Хотын хамгийн үнэт зүйл, хөрөнгийн гол эх үүсвэр бол газар. Үүнийг гарын салаагаар урсгасан бодлогын алдааг засах гэж хүч тавьж байна. Түгжрэлийг бууруулах ажилд л гэхэд шийдвэр нь Засгийн газрын түвшинд, эрх зүйн шинэтгэл нь УИХ-ын түвшинд, хэрэгжилтийг хангах нь нийслэлийн түвшинд гээд түвшин болгонд нэгдмэл ойлголттой байгаагийн давуу талыг бид одоо л харуулах ёстой.
6. Улаанбаатар хотын болж бүтэхгүй зүйлүүдийг цэгцлэх ёстой. Хууль, эрх зүйг нь шинэчилж, үүд хаалгыг нь нээж өгөх ёстой. Улаанбаатарыг гаднын хөрөнгө оруулалтыг татдаг хоёр дахь Оюутолгой гэж хэлсэн шүү дээ. Одоо үл хөдлөх хөрөнгийг юутай уяж байж бид санхүүгийн том урсгалыг татах вэ гэдэг аргачлал дээр ажиллаж байгаа.
НИЙСЛЭЛИЙН НАМЫН ХОРОО БОЛ МОНГОЛ АРДЫН НАМЫН ЗҮРХ
1. НИТХ-ын 45 төлөөлөгчийн 75.5 хувь нь анх удаа нэр дэвшиж байгаа залуучууд. Монгол Ардын Нам бол улс төрийн соёл нь тогтчихсон, агуулга, хэлбэр нь төлөвшчихсөн, түүгээрээ дамжуулж удирдах, удирдуулах ёс, зарчим, эрэмбээ барьж чаддаг нам. Тийм учраас Монгол Ардын Намд шинэчлэлийн агаар, салхи байнга орж байх ёстой гэж би боддог.
2. Энэ жилийг төв намаас гаргасан бодлоготой уялдуулаад бид Хүний нөөцийн хөгжүүлэлтийн жил болгож зарласан. Энэ бол анхан шатны намын байгууллагыг идэвхжүүлэх, бэхжүүлэх, тэнд хүний нөөцийн сургалт явуулах, залуучуудын сонирхсон, идэвхжүүлэх орчныг бүрдүүлэх, олон улсын ISO9001:2015 буюу чанарын стандартыг нэвтрүүлэх, нэг ёсондоо хүний нөөцийг чадавхжуулах ажлуудыг идэвхжүүлнэ. Тэр хүрээнд олон улсын байгууллагуудтай хамтарч ажиллах гэрээг байгуулж эхэлсэн
3. Нам бол хувь хүний өмч биш. Намын бодлого цэвэр тунгалаг, зөв байж улс төрийн бодлого, шийдвэр цэвэр тунгалаг болно. Төрийн бодлого ч мөн адил.
4. Нийслэлийн намын хороо бол Монгол Ардын Намын зүрх болсон байгууллага. Энэ том намын сонгуульт ажлыг аваад 2020 оны УИХ-ын сонгуульд нийслэлийн Монгол Ардын Нам 91.7 хувийн түүхэн амжилт үзүүлсэн шүү дээ. УИХ-ын 24 суудлаас 22-ыг нь авсан. Үүнд мэдээж нийслэлийн намын төлөө зүрх сэтгэлээ зориулж ажиллаж байгаа намын 66 мянган гишүүний хүч, оролцоо маш их байгаа.
5. 2020 оны орон нутгийн сонгуульд НИТХ-ын 45 суудлаас 34 суудлын дэмжлэгийг нийслэлчүүдээс авсан, хамтран зүтгэгчид маань улсын хүн амын тал хувь нь амьдарч байгаа нийслэл хотыг удирдах улс төрийн гарцаагүй шийдэл дагасан өндөр үүрэг, хариуцлага надад ногдуулсан.
6. Монгол Ардын Нам бол хариуцлага тооцож чаддаг нам. Улс төрийн нам тэгж байж л явна. Ялангуяа авлига, хүнд сурталтай тэмцэх нэг гол хүч нь болж өгнө. Авлига бол дандаа хөгжлийн хурдыг сааруулж байдаг. Төрийн ажлын процесс удаашраад байх тусам л авлига байна аа л гэж ойлго. Хот дээр ирээд асуудал шийдэгддэггүй юм аа гэж ярьж байгаа бол авлига байгаа. Тийм учраас бид цахим шилжилтийг яаралтай хийгээд тусгай зөвшөөрөл болон түүнтэй адилтгах эрх зүйн бичиг баримтуудыг хүчингүй болгосон.
7. Нийгэм ярьж байгаа бол бидэнд тийм дутагдал байгаа гэсэн үг. Үүнийг огт байхгүй гэж ярих нь өөрөө зохисгүй.
8. Анхан шатанд ажиллаж байгаа намын гишүүдийн хүч оролцоотойгоор, тэдний сэтгэл зүтгэлээр бүх шатны сонгуульд амжилт үзүүлж байгаа шүү дээ. Тэр хүмүүсийн сурталчилгаа, ухуулан таниулах үйл ажиллагаа намын ялалтын үндэс.
Ярилцлагыг бүрэн эхээр нь уншихыг хүсвэл ЭНД ДАРНА уу.