/2022.01.28/: Канадын ачааны машины жолооч нар Холбооны засгийн газрын вакцины мандаттай холбоотойгоор Оттавагийн төвийг хаахаар шийдэн тус улсын өнцөг булан бүрээс нийслэл рүү чиглэн явах болсонд Теслагийн Гүйцэтгэх захирал Илон Маскийн сайшаал түлхэц болжээ.
Ерөнхий сайд Жастин Трюдогийн Либерал засгийн газар хил дамнасан ачааны машины жолооч нарт COVID-19 вакцины мандат тогтоосонд жагсагчид дургүйцэж байна.
Салбарын албаны хүмүүсийн хэлж буйгаар АНУ-ын хилийг нэвтэрч байгаа жолооч нарын 90 хувь нь вакцинд хамрагдаад байгаа бөгөөд цөөнх нь хувь хүний эрх чөлөөнд халдаж байна хэмээн вакцинд хамрагдахаас татгалзсан байна.
Маск 2020 оны есдүгээр сард өөрөө болон түүний гэр бүл эрсдэлд орохгүй гэсэн шалтгаанаар COVID-19-ийн вакцинд хамрагдахгүй гэж мэдэгдэж байсан ба "Канадын ачааны машины жолооч нар чадаж байна" гэж твиттер хуудсандаа бичжээ. 2020 оны арваннэгдүгээр сард тэрээр хөнгөн хэлбэрийн Ковидоор өвдсөн байх магадлалтай гэж мэдэгсэн ажээ.
Оттава руу хэд хэдэн чиглэлээс цугларсан олон зуун ачааны машины жолоочид баасан гарагт ирж, хотын төвийн замын хөдөлгөөнийг саатуулж, парламентын толгод дээр машинуудаа байрлуулахыг зорьж байна.
Жагсаал тайван болно гэдгийг зохион байгуулагчид онцолж байна. Гэсэн хэдий ч зарим жагсагчид эмнэлгүүдийг хааж, Трюдо руу халдаж, тэр байтугай иргэний дайн хийх талаар ярьж байна.
Оттавагийн цагдаагийн алба пүрэв гарагт "Энэ үйл явдалтай холбоотой олон нийтийн сүлжээгээр зохисгүй, заналхийлсэн үг хэллэг нийтлэж байна" гэж твиттер хуудсандаа бичжээ. Мөн "Гэмт хэрэг үйлдсэн, хүчирхийлэлд холбогдсон хүмүүст сөрөг үр дагавар гарах болно." гэжээ
Илүү хэт туйлширсан тайлбарууд нь албан ёсны сөрөг хүчний Консерватив намд сорилт үүсгээд байгаа ба намын ахмад гишүүд ачааны машины жолоочдыг магтаж, вакцинд заавал хамрагдах гэсэн заалт нь хүнсний хангамжид нөлөөлж, инфляцийг хөөрөгдөнө гэж үзэж байна.
"Та нарыг хүлээн зөвшөөрөгдөөгүй зүйл ярьдаг олон тооны хүмүүс байх нь гарцаагүй... гэхдээ энэ нь бид нарыг сүүлийн 2 жилийн хугацаанд амь зуухад тусалсан хөдөлмөрч, хууль сахидаг, амар амгаланг эрхэмлэдэг олон мянган ачааны машины жолооч нарт хайхрамжгүй хандаж болно гэсэн үг биш юм" гэж депутат Пьер Пойлевре сэтгүүлчдэд хэлэв.
Даваа гарагт Трюдо консерватив улс төрчдийг буруутгасан байна.
Эх сурвалж: Ройтерс