/2022.1.27/ Дэлхийн улс орнуудаас анх удаа Израйль улс нийт насанд хүрэгчдэдээ Ковид19 вакцины дөрөв дэх тунг хэрэглэхийг зөвлөлөө.
Судалгаагаар вакцины дөрөв дэх тун нь Ковид19-ийн эсрэг хамгаалалтыг хоёр дахин нэмэгдүүлж, хүндрэх эрсдлийг 3-5 дахин бууруулж байгаа ажээ. Харин Их Британи, АНУ, Чили зэрэг орнууд ХДХВ/ДОХ-той болон эрхтэн шилжүүлэн суулгасан иргэддээ дөрөв дэх тунг тарьж байгаа юм.
Израйлийн вакцины зөвлөл “18-аас дээш насны бүх хүн вакцины дөрөв дэх тунд хамрагдах боломжтой” гэсэн зөвлөмжийг Эрүүл мэндийн сайдынхаа зөвшөөрлийн дагуу гаргажээ. Дөрөв дэх тунд гуравдугаар тунд хамрагдсанаас хойш болон халдвар аваад эдгэснээс хойшх таван сарын хугацаа өнгөрсөн хүмүүс хийлгэх боломжтой гэнэ.
Израйль улс өнгөрөгч арванхоёрдугаар сард 60-аас дээш насныхан болон эрүүл мэндийн салбарын ажилтнууд, дархлааны систем султай иргэдээ дөрөв дэх тунд хамруулсан юм. Одоогоор тус улсад 600 мянга гаруй хүн хэдийнээ дөрөвдүгээр тунд хамрагдсан байгаа бол хүн амынх нь тал нь гурав дах тундаа хамрагджээ.
Израйль улсын хувьд 9 сая гаруй хүн амтай. Өнөөдрийг хүртэл 2,5 сая хүн ковидын халдварт өртөж, 8513 хүн амиа алджээ.
Тус улстай ойролцоо хүн амтай Австри улсын хувьд 1,6 сая хүн халдварт өртсөнөөс, 14030 хүн амиа алдсан байна.
Зөвхөн энэ үзүүлэлтээс харвал Израйль улсын хувьд хүндрэл, нас баралт харьцангуй бага байгаа ажээ.
Эх сурвалж: Financial Times