/2022.01.27/ МҮЭ-ийн холбоо түүний гишүүн байгууллагуудын хамтарсан Төрийн үйлчилгээний ажилтнуудын ажлын байрны баталгааны асуудлаар мэдээлэл хийж байна.
МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Эрдэнэбат:
-Төрийн үйлчилгээний хамгийн бага албан тушаалд хөдөлмөрлөдөг ажилтнуудыг хувийн байгууллагад гэрээт ажилтан болгох шийдвэр гарсан. Бид оны өмнөхөн энэ талаарх шаардлагыг хүргүүлж, ЗГ-ын тогтоол гарахыг тэвчээртэй хүлээсэн. Шаардлагын хариу өчигдөр ирсэн.
Гагцхүү өөрийн хүсэл сонирхолд нийцүүлж, сайн дурын үндсэн дээр бусад байгууллага болон хувийн хэвшилд харьяалагдан ажиллах боломжтой. Хэрэв ийм сонголт хийсэн тохиолдолд цалинг бууруулахгүй харин нэмнэ гэдэг тодорхойлолт гарсан. Гэхдээ энэхүү шийдвэр өнөөг хүртэл хөрсөн дээрээ хэрэгжихгүй байна.
Төрийн албаны ажилтнуудын цалин зарим нь өнөөг хүртэл буугаагүй байна, буусан ч ямар нэгэн урамшуулал, нэмэлтгүй зөвхөн үндсэн цалинг өгчээ. Жишээ нь цэцэрлэгийн ажилтан 40 хоног хүлээж байж 400 мянган төгрөгийн цалинг авсан байна. Мөн өчигдөр хоёрдугаар төрөх эмнэлэгт очиход өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас хойш цалингаа аваагүй ажилтан байна, НД-аар зээл авах бүх эрх нь хаагдсан байна.
Ажилчдын цалин хөлсийг дутуу олгодог, хоцроох асуудал их байна. Зөвхөн үндсэн цалинг олгоод үлдсэн нэмэлт, урамшууллыг хэн авав. Үүнийг тогтоож, зөрчлийг илрүүлэхгүй бол бид тэмцлийн дараагийн шатанд орохоо мэдэгдэж байна. Засаг нэг шийдвэр гаргадаг түүнийг нь хэрэгжүүлэхдээ нугалаа гаргаж ядарсан ажилтны цалингаас хумсалдгийг эсэргүүцэж байна.
Нэг хүний цалинг тавих гэж 3-4 шат дамжлагаар дамжиж, нугалаа үүсгэдэг. Тиймээс нийслэл, орон нутагт засаг захиргааны нэгжийн бүтцийг өөрчлөх шаардлагатай байна. Өнөөдөр эрүүл мэнд, боловсрол, үйлчилгээний ажилчид цалингаас цалингийн хооронд өр зээлтэй амьдарч байна.
Мөн Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга З.Цогтгэрэл:
-Төрийн үйлчилгээ үзүүлж буй ажилчдын эрх ашиг хөндөгдөж байна. Бид өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас хойш тэмцсэн. ЗГ-ын тогтоол гарахыг хүлээсэн. Төрийн үйлчилгээний салбарынхан 40 гаруй хоног цалингаа аваагүй байна. Өмнө нь авч байсан цалин өнөөдрөөс буурч байгаа. УИХ-ын гишүүд бүгд цалин нэмэх ёстой гэж байгаа ч амьдралд хэрэгжихгүй байна.
Бусад үйлдвэрний эвлэлийн төлөөллүүд:
-Зарим нь ажлаасаа гарч байна. Ажлаа хийсэн хүмүүсийг цалингаар нь боомилж ажлаас нь гаргаж байна. Баяр дөхөж байна. Тэд цалингийн зээлтэй. Сайд дарга нар дунд шатны албан тушаалтан руугаа өөрсдийн болохгүй байгаа асуудлаа чихдэг. Арванхоёрдугаар сарын 10-20-ний хооронд цалин авсан. Үүнээс хойш цалингүй явсаар өчигдөр өгсөн. Гэтэл нөгөө нэмэгдлүүд нь байхгүй байсан.
Өнөөдөр нэмэгдлүүдийг нь өгөхгүй бол маргаашнаас талбай ирж суулт зарлах болно.