/2022.01.18/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Элчин сайд нарыг эргүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцэж байна.
Ерөнхийлөгчийн зүгээс Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар УИХ-д дараах зөвшилцөх саналыг өргөн мэдүүлжээ.
Тодруулбал,
- Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Намсрайн Эрдэнэтуяаг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Эрдэнэцогтын Сарантогосыг;
- Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зоригтын Чинтүшигийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Кувейт Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Пүрэвийн Сэргэлэнг;
- 3.Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Даваасүрэнгийн Гэрэлмаа нарыг тус тус томилохоор тусгажээ.
УИХ-ын гишүүн П.Анужин: "ОУ-ын харилцаагаар мэргэшсэн хоёр эмэгтэй элчин сайд орж ирж байгаад талархаж байна. Гадаад харилцаа гэдэг мэргэшлээр олон жил дагнаж, ОУ-ын харилцааг хөгжүүлэх тал дээр амжилттай ажиллана гэж бодож байна. Аливаа зүйлд мэргэжлийн гэдэг зүйл байх хэрэгтэй гэж үргэлж хэлдэг. Кувейт Улсад Элчин сайдаар томилогдож байгаа хүн бол мэргэжлийн хүн биш байна. ОУ-ын харилцааг хөдөө аж ахуй, эдийн засгийг эрчимжүүлэх гэдэг өнцгөөс харах нь үнэхээрийн учир дутагдалтай. Яах гэж мэргэжил байдаг юм.
Олон гишүүн шүүмжилж байна. "Очихоор Элчин сайдын яамныхан чемодан зөөж л гүйдэг" гээд. Мэргэжлийн биш, хийх ажлаа мэдэхгүй хүн чемодан зөөхөөс өөр юу хийх юм. Тэгэхээр дипломат алба гэдгийг хэтэрхий их ингэж дордуулж болохгүй. Элчин сайд гэдэг хүн очоод юу хийдэг вэ гэдэгт ядаж хариулдаг болчхоод явмаар байна. Үүнээс өмнө томилогдсон сайд нар энэ асуултад хариулж чадахгүй байсан шүү. Ийм хүмүүс өнөөдөр гадаадад томилогдоод ажиллаж л байгаа. Цаашид мэргэжлийн гэх зарчмыг түрүүлж тавьдаг байх шаардлагатай гэдгийг ГХЯ анхаарах хэрэгтэй" гэлээ.