/2022.01.18/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Элчин сайд нарыг эргүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцэж байна.
Элчин сайдад нэр дэвшигч УИХ-ын гишүүд нараас асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт, "Улсын төсвөөс консул, элчин сайдын яамд, дипломатчдад жилд хэдэн төгрөг зарцуулдаг вэ. Гадаадад томилогдсон элчин сайдын яамд, элчин сайд нарыг ажлын ямар үзүүлэлтээр дүгнэдэг вэ. Жилд зорилт тавьж, төлөвлөгөө гаргаж, биелэлтэд нь үнэлгээ дүгнэлт хийдэг байх. Хэтрүүлээд хэлэхэд тэдгээр хүмүүс дипломат жижүүр л хийж байна. Тухайн улс оронд ажиллаж амьдарч байгаа иргэдийн эрх ашиг хөндөгдөх юм бол асуудал хөнддөг, ярьдаг, хөөцөлддөг. Тухайн үедээ гал унтраадаг. Шаардлагатай үед ГХЯ-руу мэдээ, мэдээлэл явуулдаг. Өдөр тутмын үндсэн ажил нь иймэрхүү зүйл л хийдэг.
Гэтэл гадаад худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засаг тэлэх чиглэлээр Монгол Улс үр дүнд хүрэхгүй байна. Манай гадаад харилцааны үндсэн чиг үүрэг нь гадаад худалдааг хариуцдаг" гэв
Үүний хариуд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, "Гадаад харилцааны яам 47 дипломат төлөөлөгчийн газартай. Үүнээс 32 нь элчин сайдын яамд байдаг. Энэ жил 92 тэрбум төгрөг төсөвлөсөн. Өнгөрсөн жил 83 тэрбум төгрөгийн зардал гаргасан. Гадаад оронд буй дипломат ажилчдын цалин дэлхийн дунджаас 40 хувь бага цалин хангамжтай ажилладаг. Тэнд байгаа хүмүүс маш цөөхөн бүрэлдэхүүнтэйгээр нэлээд ажлыг амжуулдаг. Зарим нь хэвлэл мэдээллээр ил тод гардаггүй ч гэсэн маш их ажил хийж байдаг. Өнгөрсөн жил вакцин, зарим нэр төрлийн ховор эм тариа татан авах 1 жилийн хугацаанд 26 сая ам.доллар улсын төсвөөс хэмнэсэн. Энэ мэтчилэн олон зардал хэмнэж байсан тооцоо байдаг" гэлээ.