/2022.01.18/ Хөвсгөл аймгийн Хөвсгөл нуурын Мэргэний рашааны үзүүрээс Өвөр давхар, Ар давхар, Жанхай чигтэй 40-50 см-ийн өргөнтэй хар хил гарчээ.
Мөн Мэргэнээс дээшээ Сомо хадны чиглэлд 50 см-ийн өргөнтэй хар хил гарч, Сомо хаднаас Живаагийн чиглэлд жижиг хэмжээтэй хар хил ихээр үүсч, мөс бяцралт ихтэй, нуурын эргээс 100м-ийн зайтай захлаж хөдөлсөн байна. Хар хилний хэмжээ бүр өөр өөр байдаг бөгөөд гарсан хилийн нэг нь 1 метр хүртэл өргөнтэй байдаг учраас иргэдийг Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр зорчихгүй, баталгаат зам гүүрээр явахыг сэрэмжлүүлж байна.
Ташрамд дурдахад, нууранд үүсэх энэ зурвасыг цагаан хил, хар хил гэж ялгадаг байна. Цагаан хил гэдэг нь мөс хагарч хоорондоо мөргөлдөн овоорч барааны газраас мөсөн уул мэт харагддаг бол хар хил нь хагарсан мөс хоёр тийш ангайн завсар гарч дундуур нь ус мэлтэлзэж байхыг хэлдэг ажээ.