- ҮЗЭЛ БОДОЛ -
МОНЦАМЭ агентлагийг Ерөнхий сайд буюу Засгийн газар өнгөрөгч сарын хуралдаанаараа Ерөнхийлөгчийн мэдлийн агентлаг болгон бэлэглэсэн.
Өдгөө тус агентлаг 110 ажилтантай. Гол зорилго нь дэлхий дахинд Монгол Улсын талаарх мэдээ мэдээллийг хүргэх.
Харин хууль эрхзүйн орчингүй, хаа нэг газар харьяалагддаггүй агентлаг юм. Энэ нь 1998 онд Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль батлагдан, төр дэргэдээ хэвлэл мэдээллийн байгууллагатай байхыг хориглосон заалттай холбоотой.
Өөрөөр хэлбэл, тус агентлаг 1998 оноос хойш хаана, хэнд харьяалагдах нь тодорхойгүй явж ирсэн гэсэн үг.
1921 онд байгуулагдсан тус байгууллага өнөөдрийг хүртэлх 100 жилийн хугацаанд түүхэн үүргээ маш сайн гүйцэтгэсэн. Өдгөө тус байгууллага мэдээллийн сайт болон англи, орос, хятад, япон хэлээр сэтгүүлүүд эрхлэн гаргадаг.
Гэвч өдгөө МОНЦАМЭ агентлагийн гүйцэтгэж буй үүргүүд нь МҮОНРТВ-ийн зарим үүрэгтэй шууд давхцаж байгаа юм. Жишээ нь, МҮОНРадио гэхэд англи, орос, хятад, япон хэлээр мэдээ мэдээллээ бэлтгэн цацдаг. Мөн МҮОНТВ ч бас англи хэлээр мэдээлэл бэлтгэн хүргэдэг. Мөн л зуу гаруй ажилтантай Үндэсний радиод энэ агентлагийг нэгтгэхэд болохгүй зүйлгүй мэт санагдана.
Хотын төвд хоёр давхар байшинтай, 97 сая төгрөгийн эргэлтийн хөрөнгө, 892 сая төгрөгийн эргэлтийн бус хөрөнгөтэй, жилдээ 1,5-2 тэрбум төгрөгийн орлоготой. Улсын төсвөөс 2020 онд гэхэд 1,9 тэрбум төгрөгийг авчээ. Жилд ойролцоогоор ийм хэмжээний мөнгийг төсвөөс авдаг гэсэн үг. Гэвч эргээд үйл ажиллагааны зардал нь мөн 1,9 тэрбум төгрөгт хүрсэн талаар Аудитын дүгнэлтэд дурьджээ.
Ерөнхийлөгчийн тамгын газар МОНЦАМЭ агентлагаар яг ямар үүрэг гүйцэтгүүлэх гэж буй нь тодорхойгүй. Цаашдаа улстөрийн албан тушаалтнууд нэгэндээ бэлэглэдэг, үүрэг нь тэдний суртал ухуулгыг хийдэг нэг агентлаг болохыг үгүйсгэхгүй.
Ер нь цар тахлын энэ үед бид хэдэн тэрбум төгрөг ч болтугай хэмнэх нь зөв биз дээ? Нэгэнт хууль эрхзүйн орчин нь тодорхойгүй энэ агентлагийг татан буулгая. Эс бөгөөс “төрийн хэвлэл мэдээллийнхэн” хэт данхайж, дийлдэхгүй болох нь.