Түлэнхийн төвийг барих сэтгэлгүй УЛСТӨРЧДИЙГ ХАРЦГАА!
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Түлэнхийн төвийг барих сэтгэлгүй УЛСТӨРЧДИЙГ ХАРЦГАА!

/2022.1.18/ 2012 оноос хойш ганц Түлэнхий төв барьчихаагүй монголын улстөрчдийн ичмээр түүхийг он цагийн дарааллаар харуулж байна.

Улсынхаа хэмжээнд ганц ширхэг Түлэнхийн төвийн барилга барьчихаж чадалгүй арав гаруй жил болж, 80 ортой Гэмтэл согог судлалын төвийн нэг тасагт шархандаа зовинох багачуудыг шахцалдуулж байгаа үе үеийн Ерөнхий сайд, Эрүүл мэндийн сайд, Сангийн сайд нарыг жигшин зэвүүцмээр санагдана.

Арав гаруй жилийн хугацаанд гүйцэтгэгч компаниуд болох "Нутгийн зам", "Цаст констракшн" компаниуд огт өөрчлөгдсөнгүй. Харин төсөв нь 15 тэрбумаас 26 тэрбум болтлоо өссөн.

Ташрамд сонирхуулахад, маргааны сэдэв болоод байгаа Богд Зонхова хөшөөний өртөг 32,5 тэрбум төгрөг юм.

Зургийн эх сурвалж: Ганзо79.блогспот.ком

2011 он: Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугарын 358-р тогтоолоор Түлэнхийн төвийн байрыг актлав. Тухайн үед тус эмнэлэгийн тааз нурж эхэлсэн тул ийнхүү шийдвэрлэсэн юм. Түлэнхий хуучин эмнэлэгийн барилга 1957 онд баригджээ.

2012.4.25: Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатарын 136 дугаар тушаалаар Түлэнхийн төвийг Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү нүүлгэн шилжүүлэв. Энэ үед Түлэнхийн төвийг барихад 8 тэрбум өгрөг шаардлагатай гэж байлаа.

2013 он: Гэмтлийн эмнэлгийг барихад 15 тэрбум төгрөгийн санхүүжилт, харин нураахад 246 сая төгрөг хэрэгтэй гэв. Гэвч тухайн үеийн Засгийн газраас алийг нь ч шийдэж өгсөнгүй. Тэр үед Засгийн газрын тэргүүнээр Н.Алтанхуяг /2012-2014/ hарин 2012 оны 8 сараас 2014 он хүртэл Эрүүл мэндийн сайдын албыг Н.Удвал хашиж байлаа.

2013.2.1. Гэмтлийн эмнэлэгээс Түлэнхийн төвийг Мөнгөн гүүр хувийн эмнэлэг рүү шилжүүлэв. Энэ шийдвэрийг Эрүүл мэндийн сайд Н.Удвал гаргажээ. Энэ шийдвэрийн дагуу өвөл, хүүхдүүдээ хөнжил, өлгийд нь боосон иргэд нүүдэл суудал болов.

Гэрэл зургийг Б.Рэнцэндор:

2014.10 сар: Мөнгөн гүүр эмнэлэгт түрээслэн ажиллаж байсан Түлэнхийн төвийг буцаан Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү нүүлгэв. Сард тус эмнэлэг 28 сая төгрөгийн түрээс төлдөг байжээ.

2014 оны хавар Түлэнхийн төвийн барилгын газарт Хүүхдийн эмнэлэг барина хэмээн хэсэг “зам мурийв”. Тухайн онд мөн Түлэнхийн төвийн барилгыг царцаах барилгуудын тоонд оруулсан байлаа.

2014.10.2: Эрүүл мэндийн яамны удирдлагууд Гэмтлийн эмнэлэгт байрлах Түлэнхийн тасгийн үйл ажиллагаатай танилцав. Энэ үед шинээр барих Түлэнхийн төвийн барилгын төсөв 26 тэрбум болж өсчээ.

Гэвч 2015 оны төсөвт тус барилгын ажилд ердөө 6 тэрбум төгрөг суулгасан байв. 2016 онд энэ төсөв 2 тэрбум төгрөг болтлоо буурч байлаа.

2014-2016 онд Ерөнхий сайдаар Ч.Сайханбилэг ажиллаж байв. Харин Эрүүл мэндийн сайдаар Г.Шийлэгдамба агсан ажилласан.

2016.8.24: Засгийн газрын хуралдаанаар Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангаас олгох буцалтгүй тусламжаар Түлэнхийн төвийн барилгыг барихаар шийдвэрлэв. Кувейт улс манай улсын Парламентын ордныг буцалтгүй тусламжаар барьж өгөх гэж байсныг, ийнхүү Түлэнхийн төвийн барилгыг барихад зориулсан нь энэ.

2016 онд Ерөнхий сайдаар Ж.Эрдэнэбат, Эрүүл мэндийн сайдаар С.Ламбаа ажиллаж байлаа.

2017 он: Нутгийн зам, Цаст констракшнуудтай барилгын ажлын гэрээг шинэчлэн байгуулав. Тиймээс тус оны наймдугаар сараас нь барилга угсралтын ажил дахин эхэлсэн байна. Барилгын явц 60 хувьд хүрэв. Улмаар Кувейтийн сангаас олгох 8 сая долларыг барилгын ажилд зарцуулж, 2018 онд Түлэнхийн төв ашиглалтад орно гэх мэдээллүүд хөвөрч эхэллээ.

Энэ онд Эрүүл мэндийн сайдаар А.Цогцэцэг, Ерөнхий сайдаар У.Хүрэлсүх /2017-2021/ ажиллаж байв.

2018 он: Санхүүжилтийн маргаантай байдлаас болж, барилгын ажил хойшлогдов. Гэвч Нутгийн зам, Цаст констракшн гэсэн гүйцэтгэгчид энэ хугацаанд огт өөрчлөгдсөнгүй. Түүгээр ч үл барам тухайн үеийн Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл "Түлэнхийн төвийн шинэ барилгыг 2018 оны есдүгээр сард ашиглалтад оруулна. Барилгын ажлыг “Цаст констракшн” гүйцэтгэж буй бөгөөд төлөвлөгөөний дагуу, чанарын өндөр түвшинд баригдаж байна гэдгийг Барилгын хөгжлийн төвөөс баталж байгаа" хэмээн мэдэгдэж байв.

Гэвч бас л худал.

2019 он: Түлэнхийн төвийн эмнэлэгийн барилгын А блокыг Цаст констракшн, Б блокыг Нутгийн зам компаниуд хийж гүйцэтгэж байсан ч царцаж орхив. Мөн С блокт нь цогцос хүлээн авах байр баригдах ёстой байсан ч түүний оронд орон сууцны барилга сүндэрлэж орхижээ. Энэ талаар Барилга, хөрөнгө оруулалтын төлөвлөлт, зохицуулалт хариуцсан мэргэжилтэн Г.Базархүрэл "Анх ерөнхий төлөвлөгөө хийсэн газар дээрээ Түлэнхийн төвийн мооргийн барилгыг барих гэхээр өөр газар шилжүүлсэн байдаг. Энэ талаар нийслэлд удаа дараа албан хүсэлт явуулсан ч анхнаасаа төрийн бус байгууллагын эзэмшлийн газар байна гэдэг хариуг эцсийн байдлаар аваад байна. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Хот төлөвлөлтийн ерөнхий газар, Газрын албанд 2017 оноос хойш дөрвөн албан бичиг явуулсан. Хамгийн сүүлд энэ газрыг цуцалж өгөөчээ, манайх С блок буюу мооргийн блокийг анхны ерөнхий төлөвлөгөө хийсэн газар нь баримаар байна гэсэн хүсэлт тавьсан. Гэвч шийдэх боломжгүй болсон учраас дахин ерөнхий төлөвлөгөө батлах буюу барилгаа зөөж барих шийдэлд хүрээд байна” гэв.

2022 он: Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Барилгын А, Б корпусын ажил 97-98 хувьтай байна. 2022 оны төсөвт 1,4 тэрбум төгрөг суулгасан” гэх ярилцлагыг өнгөрсөн онд өгчээ. Харин гүйцэтгэгч нь “өнөөх хоёр” компани хэвээрээ л байна.

Энэ хугацаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Эрүүл мэндийн сайдаар С.Энхболд ажиллаж байна.

“Кью Эс Си” компани 192 тэрбум төгрөг Хөгжлийн банканд төлөхөөр боллоо
“Кью Эс Си” компани 192 тэрбум төгрөг Хөгжлийн банканд төлөхөөр боллоо
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.