/2022.01.07/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар иргэдийн сурч боловсрох эрхийг хангах, хичээл, сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах арга хэмжээний талаар хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж гишүүд асуулт асууж үг хэлж байгаа юм.
БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, "Багш нар үр дүнгийн урамшуулал авдаг. Гэхдээ үүнийгээ 100 хувь авч чаддаггүй. Тухайн аймаг, сум, сургууль дээр хуваарилсан мөнгийг л бүгдэд нь тэнцүү хуваачихдаг багш нар хохирч үлддэг тогтолцоотой. Тиймээс энэ оны нэгдүгээр сарын 1-нээс багш нарын суурь цалинг нэмэх гэж байна. Суурь цалинг нэмж байж бусад нэмэгдэл цалингууд нь багш нарын гар дээр очно. Цаашид багш нарын суурь цалинг 720 мянга биш хамгийн багадаа 1,1 сая төгрөг байхаар төлөвлөж байна. Үүн дээрээ бусад нэмэгдлүүдээ аваад явна.
Гэхдээ тэд нарт их том хүлээлт бий болгож болохгүй. Нэгдүгээр сарын 1-нээс багш нарын цалин учиргүй нэмэгдчих юм шиг хүлээлт үүсгэж болохгүй. Ямар ч байсан Засгийн газар төрийн үйлчилгээний ажилтнуудын цалингийн хамгийн доод жишгийг батлая гэж ярьж байгаа. Тэр нь багш нарын хувьд хамгийн багадаа 1 сая төгрөг батлагдах болов уу гэж төсөөлж байна" гэлээ.