/2022.01.07/: ОХУ-д шатахууны үнэ 2022 онд 8-10% буюу литр тутамд 5 орчим рублиэр нэмэгдэж магадгүй гэж "Известия"-д бичжээ. Шинжээчдийн үзэж байгаагаар энэ нь инфляцийн өсөлтөөс гадна бизнесийн зардал нэмэгдсэнтэй холбоотой юм. Түүнчлэн өсөн нэмэгдэж буй эрэлт, онцгой албан татвар нэмэгдсэн зэрэг нь үнэ нэмэгдэх нөхцөлийг бий болгож байгаа ажээ.
Албаны эх сурвалжийн мэдээллээр шатахууны үнийн өсөлт 2021 онд инфляцын төвшинтэй тэнцэж, 8% гаруйд хүрсэн байна. “ОХУ-д шатахууны үнэ жилд дунджаар 8-10%-иар нэмэгдэж байгаа бөгөөд 2022 онд ч мөн адил өснө. Татвартай холбоотой олон шалтгааны улмаас үнэ цаашид ч буурахгүй ” гэж “IAC Alpari” компанийн ахлах шинжээч Анна Бодрова “Известия” сонинд ярьжээ. Оросын Төв банкны тэргүүн Эльвира Набиуллинагийн хэлснээр 2021 оны нэгдүгээр сараас арванхоёрдугаар сарын 20-ны хооронд шатахууны үнэ 8.7%-иар өсч, инфляци 7.98% болсон байна.
Шинжээчид 2021 оны нэгдүгээр сард АИ-92 шатахуун нэг литр нь 43 орчим рубль (1591төгрөг), АИ-95, дизель түлш 47(1739 төгрөг) орчим рубль байсныг онцолжээ. Харин оны сүүлчээр АИ-92 литр тутамдаа 46.5 рубль, АИ-95 50.1 рубль, дизель түлш 52 гаруй рублийн үнэд хүрчээ.