/2022.1.6/ УИХ-ын чуулганаар Холбооны эрхзүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Энэ төслөөр төрийн бус байгууллагуудын хуулийг шинэчлэн найруулж байгаа юм. Төрийн бус байгууллагын тухай хуульд 1998-2016 оны хооронд нийтдээ зургаан удаа өөрчлөлт орсон байдаг. 2021 оны наймдугаар сарын байдлаар Монгол Улсад 23 мянга гаруй Иргэний нийгмийн байгууллага байна.
Харин "Холбоон эрхзүйн байдлын тухай хуулийн төсөл" нь иргэний нийгмийн байгууллагуудын орчныг хумих эрсдэлтэй гэж Иргэний нийгмийн байгууллагууд үзэж байна. Ингэвэл ардчиллын тулгуур баганы нэг болох иргэдийн эвлэлдэн нэгдэх эрх хумигдах, ингэснээр Монгол Улс ардчиллаас ухрах аюулд учрах юм.
Нөхцөл байдал иймд тулсан тул Глоб интернэшнл төвөөс "Иргэний нийгмийн орчныг хумих эрсдэлт хуулийн төслүүдээс татгалзах шаардлагын тухай цахим өргөдөлд гарын үсэг зурах"-ыг уриалжээ. Та бүхэн энэ үйл ажиллагаанд нэгдэхийг хүсвэл ЭНД ДАРЖ болно.
Мөн энэ үйл явцтай холбоотойгоор МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан болон зарим УИХ-ын гишүүд Иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөлтэй хаалттайгаар уулзаж, хуралдахаар болжээ. Эх сурвалжаас авсан мэдээллээр өнөөдөр 17 цагаас болох тус уулзалт МАН-ын байранд болох бөгөөд ИНБ-н консорциум оролцоно. Иргэний нийгмийн консорциумыг төлөөлж Ундрал, Батсугар, Амарзаяа, Бадамрагчаа, Эрдэнэчимэг, Төр-Од нарын хүмүүс оролцох ажээ.
Харин УИХ-ын чуулганы хувьд энэ асуудлаар МАН тав хоногийн завсарлага аваад байгаа юм.