/2022.01.05/ Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулж байна. УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү халдварын тархалтын түвшинг өөрчилсөн талаар мэдээлэл өглөө. Тэрээр
- "Бид дархлаажуулалтыг өндөр түвшинд хийж чадсан учраас цаашид хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулах түр журмыг шинэчлэн боловсруулах шаардлагатай болсон. Үүний дагуу УОК-оос ажлын хэсэг гаргаж журамд өөрчлөлт оруулж танилцууллаа. Журам албажаад гарсны дараа иргэдэд танилцуулна. Улбар шар түвшинд зайлшгүй ажиллах шаардлагатай байгууллагаас бусад байгууллагын үйл ажиллагааг хязгаарлаж байсан журам хэвээр мөрдөнө.
Улбар шар түвшинд 18 төрлийн үйл ажиллагааг хязгаарлаж байсан бол шинээр баталсан журамд зарим нэг зохицуулалт хийж 15 төрлийн үйл ажиллагааг хязгаарлахаар болсон.
Шар түвшинд нийт 5 төрлийн үйл ажиллагааг хязгаарлаж байсан бол шинэ журамд ямар нэг үйл ажиллагааг хязгаарлахааргүй болсон.
Өмнөх журамд үйл ажиллагаанд тавигдах шаардлагыг төрийн байгууллага, ААН, хуулийн этгээд гэх байдлаар ялгаатай зааглаж байсныг нэгтгэж зөвхөн хуулийн этгээдэд тавигдах шаардлага байдлаар зохицуулж өгсөн.
Иргэдийг цагаан сарын баяраа тэмдэглэхийг хааж, хязгаарласан юм байхгүй. Харин сар шинийн баяраа цомхон хүрээнд тэмдэглэх уриалгыг гаргаж байна" гэв.