Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг дуусгавар болгоход таны хийж чадах 10 алхам
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг дуусгавар болгоход таны хийж чадах 10 алхам

Violence against women | PreventionWeb

/2021.12.07/: Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх Дэлхий нийтийн 16 хоногийн аяны хүрээнд нийтлэв.

COVID-19 хүн бүрийн амьдралд гүнзгий нөлөөлсөн жилүүд үргэлжилж байна. Хол хорио тогтоож, тусгаарлах арга хэмжээнүүдийг хаалттай хаалганы цаана авснаар охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн, тэр дундаа гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл нэмэгдсэн.

Хүчирхийлэл гээч нэгэн төрлийн цар тахал бидэнд шинэ цочир зүйл биш билээ. COVID-19 цар тахлаас болж улам дордсон нөхцөл байдалд бид хүчирхийллийн эсрэг бодитой үйлдлүүд хийж, өөрийн болон бусдын зан үйлд дүгнэлт хийж, өөрчилж, өөрчлөлтөд нөлөөлөх шаардлага улам их бий болжээ.

  1. Даван туулагчдыг сонсоорой

Даван туулагчид хүчирхийллийн түүхээ хуваалцсанаараа хүчирхийллийн тойргийг эвдэх эхний алхмыг хийж буй хэрэг юм. Бид энэ үед хамгийн түрүүнд түүхээ хуваалцах аюулгүй орчин бүрдүүлж анхааралтай сонсох үүрэгтэй.

Бэлгийн хүчирхийллийн тохиолдлын талаар ярихад тухайн үеийн хохирогчийн хувцаслалт, согтуурсан байсан эсэх, бэлгийн илэрхийлэл, чиг баримжаа зэрэг нь ямар ч хамааралгүй гэдгийг санах нь зүйтэй.

Хүчирхийллийн цорын ганц шалтгаан бол хүчирхийлэл үйлдэгч бөгөөд тэр ганцаараа хариуцлагаа хүлээх ёстой. Хохирогчийг буруутгах хандлагыг ил нэрлэн шүүмжилж, эмэгтэйчүүд өөрсдөө “аюултай” нөхцөл байдлаас зайлсхийх ёстой гэдэг уламжлалт үзлийг эсэргүүцэх учиртай.

Хүчирхийллийг даван туулагчид өмнөхөөсөө илүү их дуу хоолойгоо өргөж байна. Шударга ёсыг тогтооход тэр хүн бүрийн дуу хоолой чухал юм. ‘’Яагаад зүгээр явчихаж болоогүй юм бэ?” гэхийн оронд “Бид таныг сонсож, итгэж, тантай хамт байна гэж хэлээрэй.”

2. Хойч үеэ сургаж, тэднээс суралцаарай

Бидний залуу үеийнхэндээ үзүүлж буй үлгэр дуурайлал тэдний хүний эрхийг хэрхэн хүндлэх болон жендэрийн талаарх үзэл бодлыг тодорхойлно. Хамгийн түрүүнд эрэгтэй эмэгтэй хүмүүст тулгаж, оногдуулж буй хэвшмэл дүрийн талаар эртнээс яриа өрнүүлэх нь чухал. Хүүхдүүдийн өдөр тутамдаа тулгардаг эсвэл анзаардаг хэвшмэл ойлголтуудын талаар онцлон ярилцаж, тэдгээрт нийцэхгүй өөр байх нь хэвийн гэдгийг ойлгуулах нь чухал. Хэвшмэл ойлголтууд нь ( тухайлбал, охид ба хөвгүүдийн үсний урт, өмсдөг хувцасны өнгө, сонгох ажил мэргэжлийн талаарх гм) хэвлэл мэдээллээр, гудамж талбайд, сургууль дээр нь гээд хаа ч тулгарч болно. Хүмүүс бие биенээ байгаа чигээр нь хүлээн зөвшөөрдөг соёлыг төлөвшүүл.

Охид хөвгүүдэд бэлгийн харилцааны зөвшөөрөл, биеэ мэдэх эрх, хариуцлагын талаар нээлттэй ярилцаж эргүүлээд өөрсдийнх нь бодол болон туршлагын талаар асууж ярилцаарай. Бид залуу нөлөөлөгч, хүний эрхийн активистуудыг мэдээллээр хангаж, эмэгтэйчүүдийн эрхийн боловсролыг олгосноор илүү сайхан нийгмийг хамтдаа бүтээж чадна.

3. Зорилгод нийцсэн хариу үйлдэл ба үйлчилгээг үзүүлэхийг шаардаарай

Даван туулагчдад зориулсан үйлчилгээ зайлшгүй чухал. Энэ нь жендэрт суурилсан хүчирхийлэлд өртсөн хүн бүрт хүртээмжтэй хамгаалах байр, тусламжийн утас, хуулийн болон сэтгэл зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээ байх ёстой гэсэн үг. Энэ үйлчилгээнүүд цар тахлын үед ч тасалдах ёсгүй.

Жил бүр охид эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй хүчирхийллийг таслан зогсоох 16 хоногийн аянаар Дэлхий нийтийг тодорхой үйлдэлд уриалдаг. Энэ жил Нэгдсэн Үндэстний Байгууллага “Санхүүжүүл. Хариу үйлдэл үзүүл. Урьдчилан сэргийл. Мэдээллийг цуглуул” гэсэн чухал ач холбогдолтой үйлдлүүдэд уриалж байна.

4. Зөвшөөрлийг ойлгоорой

Бэлгийн харилцаанд чөлөөт хүсэл зоригт тулгуурлан өгсөн зөвшөөрөл зайлшгүй байх ёстой. “Үгүй” гэж хэлж байна уу гэдэгт анхаарахаас гадна идэвхтэй илэрхийлж буй “Тийм” байна уу гэдгийг анхаарч авч үзээрэй. Мэдээж тухайн харилцаанд оролцож байгаа хүн бүрийн идэвхтэй “Тийм” чухал. Хүчирхийллийн соёлын эсрэг өөрийн амьдралдаа идэвхтэй , чин үнэн “Тийм” гэж зөвшөөрлөө илэрхийлэхийг дадал болгож, энэ талаараа бусадтай хуваалцаарай.

“Тэр өөрөө хүсэж байсан” эсвэл “хөвгүүд л бол хөвгүүд шүү дээ” зэрэг хэллэгүүд нь бэлгийн харилцааны зөвшөөрлийн хил заагийг бүдгэрүүлж, хохирогчдыг буруутгах хандлагыг өөгшүүлж, гэмт хэрэгтнийг хаацайлж байдаг.

Дээрх үг хэллэгүүдийг ашиглагчид нь зөвшөөрлийн талаар ядмагхан ойлголттой байна гэсэн үг. Бэлгийн харилцааны зөвшөөрөл бол маш тодорхой ойлголт юм. Бэлгийн харилцааны зөвшөөрөл өгөхөд ямар ч бүдэгхэн зааг, эргэлзээ гэж байдаггүй.

Зөвшөөрлийн талаар илүү ихийг эндээс уншаарай.

5. Хүчирхийллийн шинжүүдийг хэрхэн таньж, яаж тусалж чадахаа олж мэдээрэй

Хүчирхийллийн маш олон хэлбэр байдаг ба тэдгээр нь бүгд сэтгэл зүйд болон бие махбодод ноцтой нөлөөлж, өөрчилдөг. Хэрэв таны найз дарамт хүчирхийлэлд байна гэж үзвэл эсвэл хэн нэгэн дэргэдэх хүнийхээ хажууд айдастай байгааг мэдэрч санаа зовж байгаа бол эдгээр шинж тэмдгүүдийг эндээс нягтлан үзээд аюулгүй байдлаа хангаж, дэмжлэг авахад нь туслах арга замуудыг хайгаарай.

Хэрэв хэн нэгэн таныг хүчирхийлж байна гэж бодож байвал, тусламж авах боломж бий гэдгийг санаарай. Та ганцаараа биш. Таны орон нутагт үнэ төлбөргүй мэргэжлийн зөвөлгөө өгөх, тусламж үзүүлэх төрийн болон төрийн бус байгууллагууд бий.

Бид энд Дэлхий даяар байгаа боломжит тусламжийн утасны жагсаалтыг энд эмхтгэсэн байгаа.

6. Яриаг эхлүүлээрэй

Охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл бол хэдэн арван жил үйлдэгдсээр ирсэн хүний эрхийн зөрчил юм. Хүчирхийлэл асар өргөн тархсан үзэгдэл ч байж л байх ёстой зүйл биш. Бид чимээгүй өнгөрөлгүй дуу хоолойтой байснаар хүчирхийлэлгүй байж чадна.

Хүчирхийллийн даван туулагчдад эв санааны нэгдлээ илэрхийлэн, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө бат зогсож 16 хоногийн аянд нэгдэж буйгаа олон нийтийн сүлжээнд илэрхийлж, харуулаарай. Та үндэсний кампанит ажлуудыг дэмжин түгээж болно. Мөн олон улсын аянд өөрийн профайл зургийг өөрчлөн нэгдэх боломжтой.

Инстаграм дээр та НҮБ-ийн Эмэгтэйчүүдийн байгууллагын хаяг дээрх филтерийг ашиглан мэдээлэл түгээж, бусдыг ч мөн уриалах боломжтой.

#orangetheworld, #16Days болон #GenerationEquality гэх хаштагуудыг ашиглан жендэрт суурилсан хүчирхийллийн талаар өөрийн байр сууриа илэрхийлж, өөрийн орны 16 хоногийн аянд зориулсан контентуудыг түгээгээрэй.

7. Хүчирхийллийн соёлын эсрэг зогсоорой

Хүчирхийллийн соёл (rape culture) нь бэлгийн хүчирхийллийг хэвийн зүйл гэж үздэг, зөвтгөдөг нийгмийн хандлага бөгөөд энэ нь байнга жендэрээр ялгаварлан гадуурхдаг, хүний жендер болон бэлгийн илэрхийлэл, чиг баримжааг шүүн хэлэлцдэг нийгмийн хандлагаар тэжээгдэн амь бөхтэй оршсоор байна. Хүчирхийллийн соёлыг устгах эхний алхам бол ил нэрлэн буруушаах юм.

Хүчирхийллийн соёлыг үргэлжлүүлэх, талыг нь баримталсан зан үйлдээ, итгэл үнэмшилдээ дүгнэлт хийх боломж бидэнд өдөр бүр олддог. Та эрэгтэйлэг, эмэгтэйлэг байдлыг хэрхэн тодорхойлдогтоо, тогтсон ялгаварлах хандлага болон хэвшмэл ойлголтууд тань таны шийдвэрүүдэд хэрхэн нөлөөлж буйд дүгнэлт хийгээд үзээрэй.

Өөрийн жендэрийн талаарх хандлагаа өөрчлөхөөс эхлээд амьдарч буй орчин, бүлэг, хамт олон дундаа ямар хэм хэмжээг дэмжиж байгаагаараа бид бүгд хүчирхийллийн соёлын эсрэг үйлдэл хийж чадна.

8. Эмэгтэйчүүдийн байгууллагад хандив өргөөрэй

Эмэгтэйчүүдийг чадавхжуулдаг, тэдэнд дуу хоолойгоо илэрхийлэх талбар, орон зайг олгодог, даван туулагч эмэгтэйчүүдийг дэмждэг, жендэрийн илэрхийлэл, бэлгийн орон зай, бэлгийн чиг баримжааны олон янзат байдлыг хүлээн зөвшөөрүүлэхээр ажилладаг байгууллагуудад хандив өргө.

Монгол улсад Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Хөөрхөн зүрхнүүдийн аян, ЛГБТ төв, Гүнж төв, Хүйсийн тэгш эрхийн төв, Эрчүүд-Эрүүл гэр бүл, Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд зэрэг төрийн бус байгууллагууд жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэн ажиллаж байна.

9. Бусдыг хариуцлагатай байхад нь нөлөөлөөрэй

Хүчирхийлэл нь ажлын байран дах бэлгийн дарамт болон олон олон нийтийн газар дах бэлгийн дарамт гэх мэт олон хэлбэрээр илэрдэг. Хэрэв хүчирхийллийн шинжтэй дараах үйлдлүүдийг гэрчилвэл ил буруушаан хэлж анхааруулаарай: доромж нэр хочоор дуудах, бэлгийн сэдэлтэй сэтгэгдэл хэлэх, хүйсээр ялгаварлан гадуурхсан онигоо хошигнол ярих нь байж болохгүй.

Аюулгүй орчин бүрдүүлэхэд үе тэнгийнхнээ өөрсдийн зан үйлдээ хянамгай хандахад анхааруулах, хэн нэгэн заагийг давбал хэлж ойлгуулах таны үйлдлүүд чухал ач холбогдолтой. Мөн өөрөө тухгүй, аюултай байдалд байвал бусдаас тусламж хүсэж чаддаг байх нь ч чухал юм.

10. Дата өгөгдөл, тоо баримтуудыг мэдэж, илүү ихийг шаардаарай

Жендерт суурилсан хүчирхийлэлтэй үр дүнтэй тэмцэхийн тулд хамгийн түрүүнд бид асуудлаа ойлгон судалсан байх хэрэгтэй. Үр дүнтэй урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, хохирогчдод оновчтой дэмжлэг үзүүлэх гол түлхүүр нь тухайн асуудалтай холбоотой дата өгөгдлийг цуглуулсан сан юм. COVID-19 цар тахлын үед жендерт суурилсан хүчирхийлэл ихэссэн нь жендэрийн мэдрэмжтэй дата өгөгдөл дутмаг байсныг илүү тод томруун харуулж байна.

Жендерт суурилсан хүчирхийллийн дата өгөгдөл цуглуулахад хөрөнгө оруулалт хийж хүчин чармайлт гаргахыг Засгийн газраасаа шаардаарай, шаардаж буй байгууллага, хөдөлгөөнүүдтэй нэгдээрэй. data.unwomen.org дээрээс UN Women дата жендэрийн дата өгөгдлийг хэрхэн хэрэглэж, боловсруулж, түгээж буйг хараарай.

Эх сурвалж: youngwomenforchange.medium.com

АНУ-тай дипломат харилцаа тогтоосны 35 жилийг хамтран тэмдэглэнэ
АНУ-тай дипломат харилцаа тогтоосны 35 жилийг хамтран тэмдэглэнэ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.