/2021.12.03/ БНСУ-д сурдаг 13 настай Монгол охиныг 6 цаг зодсон асуудал өчигдөр нийтэд ил болж олны анхаарлыг татсан.Үүнд Монгол Улсад суугаа Солонгос Улсын элчин сайд Lee Yeo Hong-ыг Монголын ард түмнээс болон хүчирхийлэлд өртсөн охин түүний гэр бүлээс уучлал гуйхыг шаардаж байгаа юм.
Үүнтэй холбогдуулан БНСУ-аас Монгол Улсад суугаа элчин сайдын яамны байрны гадаа иргэд тайван жагсаал хийж байна.
Иргэдийн зүгээс БНСУ-ын элчин сайдын яамыг Монголын ард түмэн болон хохирогч охиноос уучлал гуйхыг шаардлаа. Түүнчлэн тухайн охинд нөхөн төлбөр, хууль эрх зүй, сэтгэлзүйн үйлчилгээг үзүүлэхийг шаардаж байна гэлээ. Хэрэв уучлал гуйхгүй бол маргааш маш олон залуус ирж жагсах болно. Цаашлаад ОУ-ын хүний эрхийн байгууллагад хандаж, БНСУ-ын сургуулийн сурагчид Монгол охиныг яаж хүчирхийлснийг бусад улс оронд харуулах болно гэлээ.
БНСУ-аас Монгол Улсад суугаа элчин сайдын яамны зөвлөх Ким Чу Сан, "Манай хоёр улс дипломат харилцаа тогтоогоод 30 гаруй жил болсон байна. Монгол охины хэрэгт маш их харамсалтай байна. БНСУ-ын элчин сайдын яамны дипломат ажилтны хувьд энэ асуудлыг нэн даруй, шударга үнэн зөв шийдэгдэх тал дээр холбогдох газруудтай зөвшилцөж байна. Тухайн хэрэг шийдэгдсэний дараа Монгол Улсын Засгийн газарт албан ёсоор мэдэгдэнэ. БНСУ-ын Засгийн газар энэ талаарх бүрэн хэмжээний мэдээлэлтэй байгаа. Тиймээс Монгол охины хэргийг үнэн зөв шийдэгдэхэд анхаарч ажиллах болно.
Монгол Улсын 40 мянган иргэн Солонгос Улсад ажиллаж амьдардаг. Энэ бол бага тоо биш. Цаашид хоёр улсын иргэд болон Засгийн газрын харилцаа илүү бэхжинэ гэж найдаж байна" гэлээ.