Амьдрал дээшлээд байна уу, доошлоод байна уу?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Амьдрал дээшлээд байна уу, доошлоод байна уу?

--Эдийн засаг эгэл хөрсөнд--

АРВАН ЖИЛИЙН ӨМНӨ БУЮУ 2011 ОН

Боловсролын салбарын түүчээ багш нар ажил хаялт зарлаж, Д.Болд дуучин төрийн соёрхолт цол тэмдгээр энгэрээ мялааж, 6002 бөх төв цэнгэлдэхэд ухаан хүчээ уралдуулан Гиннесийн номонд бичигдсэн түүхтэй 2011 он.

Тэнгис болон Балжидмаа залуу гэр бүл, хоёул төрийн үйлчилгээний ажилтан. Тэнгис нэгэн хувийн сургуулийг багшийн мэргэжлээр төгсөөд улсын сургуульд биеийн тамирын багшаар, харин Балжидмаа АШҮИС-ийг эмч мэргэжлээр төгсөөд улсын эмнэлэгт хоёр жил ажиллаад байгаа залуу ажилчид юм.

Тэнгисийн цалин сарын 366.100₮ бол Балжидмаагийн цалин 382.400₮ байв. Тэдний цалинг долларт хөрвүүлвэл 605 доллар болно. Ажлыг ид бужигнуулдаг, хөнгөн шингэн, ирээдүйд олон зүйлд зорьж байгаа тул одоогоор хүүхэд төрүүлээгүй.

Хүнсний дэлгүүр ороод алим 3460₮, 10ш өндөг 3270₮, атар талх 700₮, нэг литр сүү 700₮, нэг килограмм үхрийн мах 5313₮ нийтдээ 13.443 төгрөгөөр хоёр хоногийн хүнсний хэрэгцээгээ хангадаг байлаа.

Энэ цаг үед инфляцийн түвшин 8.9 хувьтай байлаа

--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

ТАВАН ЖИЛИЙН ӨМНӨ БУЮУ 2016 ОН

Он цаг улирсаар НӨАТ-ын тухайн хууль батлагдаж, Риогийн зуны олимп болж, далай лам монголд айлчилж, монгол төгрөг дэлхийд хамгийн сул валютаар нэрлэгдсэн 2016 он айлчлан ирлээ.

Тэнгис олон жил багшаар ажилласан тул ажилласан жилийн нэмэгдэл цалин авах болж сардаа 802.500₮ авах болжээ. Гэсэн ч энэ дүнг доллар руу хөрвүүлбэл /375.7$/ болж байсан юм.

Мөн Балжидмаа ч 739.000₮ /345,9$/-ийн цалин авдаг болов. Хослон амьдрах байсан тэдний амьдралд хоёр ихэр охид нэмэгдэж өрхийн гишүүд үржээд авлаа.

Таван жилийн өмнө хоёр хоногийн хүнс гэж авдаг байсан нь даруй нэг хоногт дуусах болжээ.

Мөн дээрх ижил төрлийн хүнсний сагс нь нийтдээ 18.741₮ /8.7$/ болж байв.

Залуу хосын цалин ХОЁР ДАХИН нэмэгдсэн ч түүнийг долларт хөрвүүлэн бодвол ердөө 120 орчим доллар л нэмэгдсэн байв. Нийт цалингийн 36 хувь нь хүнсний хэрэгцээнд зарцуулагдаж байгааг тэд анзаарав.

Мөн хүүхдүүдийн хувцас хэрэглэл, живх даавуу зэргийг зарцуулахад мөнгө хаа нэгтээ дутаж ойролцоох дэлгүүрт өр тавьж эхэллээ.

Инфляцийн түвшин 1.3 хувьд хүрч буурсан он цаг байлаа.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

ОДОО ЦАГ БУЮУ 2021 ОН

Нэг жил өнжсөн Токиогийн олимп нээлтээ хийж, найм дахь удаагийн ерөнхийлөгчийн сонгууль өрнөсөн, монгол түмнийг хагас жил шахуу хөл хорионд байлгасан 2021 онд хүрэлцэн ирлээ.

Амьдрал мэдэгдэхүйц хэцүү байдалд орсон байлаа. Балжидмаа коронавирусын эсрэг улаан шугаманд ажиллаж, харин Тэнгис онлайнаар биеийн тамирын хичээл заах болов. Цалингийн хэмжээ Тэнгис 808.442₮ /283,7$/, Балжидмаа 843,000₮ /295.8$/ цалин авах болжээ. Хоёр ихэр энэ намар сургуульд орно гээд мөнгөний хэрэгцээ нэмэгдсээр л байв.

Балжидмаа цар тахлын хэцүү үед улаан бүсэд ажиллаж хоёр хүүхдэдээ өвчин халдаах вий гэдгээс айж, арга буюу хадмындаа хүүхдүүдээ үлдээсэн билээ.

Дээрх авч буй цалингаараа мөн л дээрх хүнсний бүтээгдэхүүнээ авахад нийтдээ 28362₮ /9.9$/ болов.

Арван жилийн өмнөх цалингаа одоогийн авч байгаа цалиндаа харьцуулаад үзвэл тэдний цалин тус бүртээ даруй 500,000₮өөр нэмэгдсэн ч үүнийг америк доллар руу хөрвүүлээд үзвэл 14$-16$-оор буурсан байх...

Цаашдаа тэдний гэр бүлд эдийн засгийн хэрэгцээ улам ихэснэ. Өдий хэмжээний орлоготой төрийн үйлчилгээний ажил эрхэлдэг монгол гэр бүл яг яажшуухан амьдарвал зохилтой байх бол?

Тэнгисийн гэр бүл 10 жилийн хугацаанд цалин нь 120 хувиар нэмэгджээ. Гэвч төгрөгийн ханш 56.6 хувиар буурсан тул үнэн хэрэгтээ тэдний цалин өсөөгүй гэсэн үг юм. Мөн 10 жилийн өмнө цалингийнхаа 1.7 хувиар нэг өдрийн зарим хүнсээ авдаг байв. Харин энэ жилийн хувьд мөн л цалингийнхаа 1.7 хувиар нэг өдрийнхөө зарим хүнсээ авдаг болжээ. Өргөн хэрэглээний бараа, жишээ нь үхрийн мах арван жилийн өмнөхтэй харьцуулахад 64 хувиар өссөн байгаа юм.

2021 оны эхний долоон сарын байдлаар инфляцийн түвшин 7.4 хувьд хүрч өссөн үзүүлэлтийг Монголбанкнаас гаргасан юм.

Ингээд бодвол монголчууд бидний амьдрал 10 жилд сайжирсан уу, эсвэл муудсан уу?

Дата эх сурвалж: Үндэсний статистикийн хороо

АНХААР: Хэн нэгний гаргасан койныг авах гэж байна уу?
АНХААР: Хэн нэгний гаргасан койныг авах гэж байна уу?
 
Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ
Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.