/2021.12.02/: Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар БНЭУ-д албан ёсны айлчлал хийж байна.
Айлчлалын үеэр төр, засгийн өндөр түвшний хүмүүстэй уулзалт хийж, газрын тосны үйлдвэрийн хамтарсан төслийг амжилттай хэрэгжүүлж дуусгах, Монгол Цахиурын хөндийг байгуулахад хамтран ажиллах, “Болливуд”-ын киноны зураг авалтыг Монголд хийх, коксжсон нүүрсээ Энэтхэгт экспортлох зэрэг асуудлуудыг хөндөж ярилцлаа.
Энэхүү айлчлал нь 2010 онд УИХ-ын дарга Д.Дэмбэрэл тус улсад айлчилснаас хойш парламентын тэргүүний түвшинд 11 жилийн дараа хэрэгжиж буй айлчлал юм.
Коксжих нүүрс экспортлох туршилтын тээвэрлэлтийг ойрын хугацаанд хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүсэв
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын парламентын дээд танхим Ражя Сабха-гийн дарга Венкаяа Наиду болон Парламентын доод танхим Лок Сабха-гийн дарга Ом Бирла нарын урилгаар Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын тус улсад хийж буй албан ёсны айлчлал БНЭУ-ын Гадаад харилцааны сайд др. Сүбрахманьям Жайшанкартай хийсэн уулзалтаар эхэллээ.
Уулзалтаар УИХ-ын дарга Г.Занданшатар түүх, соёлын хэлхээ холбоо, чөлөөт, ардчилсан нийгэм, бүс нутаг болон олон улсын энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалах зэрэг нийтлэг үнэт зүйлсэд суурилсан Монгол, Энэтхэгийн харилцаа, хамтын ажиллагаа “Стратегийн түншлэл”-ийн зарчмаар тууштай өргөжин хөгжиж, “КОВИД-19” цар тахлын хүнд цаг үед ч харилцан бие биеэ дэмжиж, хамтран ажиллаж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.
Энэтхэг Улс 1.0 тэрбум дахь иргэнээ вакцинжуулж, ард иргэдийнхээ эрүүл мэндийг сахин хамгаалах чиглэлд амжилт гаргасан явдалд баяр хүргэж, Энэтхэг Улс цар тахлын тархалтыг хяналтдаа авч халдварын тоо буурч, эдгэрэлтийн хувь өсч байгаад баяртай байгаагаа мөн илэрхийллээ.
Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди-гийн 2015 онд Монгол Улсад хийсэн айлчлал хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргасан түүхэн үйл явдал болсныг онцлон дурдаж, айлчлалын үеэр тохирсон асуудлууд эдүгээ амжилттай хэрэгжиж байгаад сэтгэл хангалуун байна гэв.
Цаашид улс төрийн яриа хэлэлцээг үргэлжлүүлж, дээд, өндөр түвшний айлчлалын давтамжийг нэмэгдүүлэн, хоёр орны Стратегийн түншлэлийг гүнзгийрүүлж, хамтын ажиллагааны нөөц бололцоог бүрэн дайчлах нь чухал ач холбогдолтой болохыг онцлоод, энэ хүрээнд улс орны дээд удирдлагыг харилцан айлчлуулах саналтай байгааг тэмдэглэв.
БНЭУ-ын Гадаад харилцааны сайд С.Жайшанкар хоёр орны ард түмний найрамдал, нөхөрлөл нь Энэтхэг-Монголын харилцааны бат бэх суурь гэдгийг онцлон тэмдэглэв. Түүх, соёл, уламжлал, шашин шүтлэгийн хувьд нягт холбоотой оюун санааны хөршүүд тул соёлын салбарын хамтын ажиллагаа, түүний дотор соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө байгаагаа онцоллоо.
УИХ-ын дарга Г.Занданшатар “Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл”-ийг амжилттай хэрэгжүүлэхээр талууд идэвхтэй хамтран ажиллаж байгааг дурдаж, уг төслийг хэрэгжүүлж дуусгах, коксжих нүүрс экспортлох туршилтын тээвэрлэлтийг ойрын хугацаанд хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүссэнийг ноён С.Жайшанкар дэмжиж байгаа илэрхийлэв.
БНЭУ-ын Ерөнхийлөгч Рам Натх Ковин: Манай хоёр орон ардчилал, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх үнэт зүйлсээрээ нэгдмэл улс үндэстнүүд юм
УИХ-ын дарга Г.Занданшатар энэ өдөр БНЭУ-ын Ерөнхийлөгч Рам Натх Ковинд бараалхлаа.
Бараалхалтын үеэр тэрбээр “Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Тантай Энэтхэг Улсад хийж буй айлчлалынхаа үеэр нүүр учран уулзах завшаан тохиолдсонд нэн баяртай байна. Энэтхэг Улс бол манай оюун санааны хөрш бөгөөд нэн чухал стратегийн түнш билээ. Юуны өмнө Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Танд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн халуун дотно мэндчилгээг уламжилж буйг минь хүлээн авна уу. Манай хоёр ард түмэн хэдий газарзүйн байршлын хувьд хол оршдог ч түүх соёлын ижил төсөөтэй зүйлсээр уламжлагдсан оюун санааны хэлхээ холбоо маань биднийг ямагт ойр дотно нөхөрлүүлж ирсэн билээ. Монголын ард түмэн Энэтхэг Улсыг Бурхны орон хэмээн хүндэтгэж ирсэн. Монгол Улс Энэтхэг Улстай тогтоосон стратегийн түншлэлийн харилцаагаа улам гүнзгийрүүлэн бэхжүүлэхийн төлөө байна. Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Таныг манай оронд морилон айлчлахыг урья” гэв.
Монгол, Энэтхэгийн хууль тогтоох дээд байгууллагууд хамтын ажиллагааны сайхан уламжлалтай. Миний энэ удаагийн айлчлал манай хоёр орны “Стратегийн түншлэл”-ийг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд болон парламент хоорондын хэлхээ холбоог өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой болно гэдэгт итгэлтэй байна.
БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Моди манай улсад 2015 онд айлчилсан нь Монгол, Энэтхэгийн харилцааг шинэ шатанд гаргасан бөгөөд хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон Газрын тосны үйлдвэрийн төслийг эхлүүлэх гараа болсон билээ. Энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлэх чиглэлд хоёр тал нягт хамтран ажиллаж байгааг Таны сонорт хүргэхэд таатай байна гэж УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэв.
Тэрбээр энэ онд Монгол Улс НҮБ-д элссэний түүхт 60 жилийн ой тохиож байгааг дурдаад, тэртээ 1961 онд Монгол Улсыг НҮБ-д гишүүнээр элсэхэд Энэтхэг Улсын зүгээс идэвхтэй дэмжсэнийг Монголын ард түмэн ямагт санаж явдаг. Олон улсын тавцанд харилцан бие биеэ дэмжиж ирсэн энэхүү сайхан уламжлалаа цаашид ч үргэлжлүүлэн хадгалахын төлөө байна гэв.
БНЭУ-ын Ерөнхийлөгч Рам Натх Ковин УИХ-ын дарга Г.Занданшатарыг хүлээн авч уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд, “Таны хэлсэнчлэн БНЭУ, Монгол Улсын стратегийн түншлэлийн харилцааг улам гүнзгийрүүлэхэд Ерөнхийлөгчийн зүгээс дэмжиж, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хичээн ажиллах болно. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг талархан хүлээж авлаа. Эрхэм Ерөнхийлөгчийн найрсаг дотно хандлага, харилцаанд бид талархаж, харилцан айлчлалыг зохион байгуулахдаа таатай байх болно.
Манай хоёр орон ардчилал, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх үнэт зүйлсээрээ нэгдмэл улс үндэстнүүд юм. Бид Монгол Улстай харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлэх боломжуудыг эрэлхийлэн ажиллаж байна. Цар тахлын энэ амаргүй цаг үед харилцан бие биеэ дэмжин ажиллаж байгаад баяртай байна” гэв.
Хамтарсан сургууль, Монгол Цахиурын хөндий байгуулах, “Болливуд”-ын кино зураг авалтыг Монголд хийх зэрэг саналыг дэмжихээ илэрхийллээ
УИХ-ын дарга Г.Занданшатар БНЭУ-ын Парламентын доод танхим Лок Сабха-гийн дарга Ом Бирла-тай албан ёсны уулзалт хийлээ.
Тэрбээр уулзалтын эхэнд парламентын түвшний энэхүү айлчлалд ихээхэн ач холбогдол өгч буйгаа илэрхийлж, найрсаг дотно хүлээн авч буйд талархал илэрхийллээ.
Тэрбээр “Энэтхэг Улс Монгол Улсад КОВИД-19-ийн эсрэг анхны 150 мянган тун “Астра Зенека” вакциныг буцалтгүй тусламжаар ирүүлсэн. Энэтхэг Улсад өвчний тархалт ихэсч, нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулж Монгол Улсын Засгийн газар 1.0 сая ам.долларын хүмүүнлэгийн тусламж олгосон. Энэтхэг Улсын "Жубилант Женерикс" компанитай Монгол Улсын Засгийн газар гэрээ байгуулж нийт 200.000 тун “Ремдесивир” тариа худалдан авсан. Ийнхүү цар тахлын хүнд үед хоёр улс харилцан бие биенийг дэмжиж байгаад баяртай байна” гэв.
УИХ-ын дарга Г.Занданшатар цар тахлын үеийн улс орны эдийн засгийн нөхцөл байдлын талаар товч танилцуулаад, БНЭУ-тай хамтарсан газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөлд онцгой анхаарал хандуулж, УИХ-аас 2021 оны нэгдүгээр сард “Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хууль” баталж, Монгол Улсын Шадар сайдаар ахлуулсан байнгын ажиллагаатай Ажлын хэсэг байгуулан төслийн хэрэгжилтэд бүх талын дэмжлэг үзүүлэн ажиллаж байгааг мэдээлэв. Тэрбээр үйлдвэр байгуулах төслийн хэрэгжилтийн явцын талаар мэдээлэл өгсөн.
Хоёр орны боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагаа амжилттай хөгжиж буйг онцлоод, өнгөрсөн 5 жилийн дотор Монгол Улсын ерөнхий боловсролын 76 багшийг Энэтхэгт зохион байгуулагдсан дунд хугацааны англи хэлний сургалтад хамруулсанд талархал илэрхийллээ.
Лок Сабха-гийн дарга Ом Бирла Энэтхэгийн парламентын урилгыг хүлээн авч айлчилж байгаад УИХ-ын дарга Г.Занданшатарт талархал илэрхийлж, эх орондоо тавтай морилохыг хүслээ.
Тэрбээр “БНЭУ, Монгол Улс олон жилийн түүхэн хэлхээ холбоогоо өргөжүүлж, ардчиллын үнэт зүйлсээрээ нэгдэж, зуунаас зуун дамжин түншилж байна. Төр, засгийн түвшинд хийсэн 2015, 2019 оны айлчлалууд бидний харилцааг шинэ түвшинд авчирсан. Ялангуяа Ерөнхий сайд Нарендра Моди-гийн танай улсад 2015 онд хийсэн айлчлал түүхэн ач холбогдолтой үйл явдал болсон. Энэхүү айлчлал хоёр улсын төр засаг болон ард түмнүүдийн харилцан итгэлцэл, хамтын ажиллагааг улам нягтруулсныг онцлон дурдахыг хүсэж байна” гэв.
Тэрбээр дэлхий нийтэд тохиолдсон цар тахлын үед харилцан бие биеэ дэмжиж ажилласан маань дэлхийн улс орнуудад үлгэр дуурайл болсонд талархаж байгаагаа илэрхийлээд, хоёр улсын хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон Газрын тосны боловсруулах үйлдвэрийг барьж, хугацаанд нь ашиглалтад оруулахад анхаарлаа хандуулна хэмээн онцлов.
УИХ-ын дарга Г.Занданшатар Энэтхэгийн мэдээллийн технологийн салбарын ололт амжилтаас суралцах, энэ зорилгоор хамтарсан сургууль байгуулах, Монгол Цахиурын хөндийг байгуулахад Энэтхэгийн туслалцааг авах, соёлын хамтын ажиллагааг өргөжүүлж, “Болливуд”-ын салбарыг Монголд байгуулах, кино зураг авалтыг Монголд хийх зэрэг санал дэвшүүлэв.
Ноён Ом Бирла дээрх саналуудыг бүрэн дэмжиж ажиллахаа илэрхийлэв. Мөн Монгол Улсын уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг дэмжиж, худалдааны шинэ урсгал нээх боломжийг судлан, тус салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлээд, энэ хүрээнд Энэтхэг Улсад Монголоос коксжсон нүүрс экспортлох асуудлаар хамтран ажиллахад бэлэн байна гэв.
Эх сурвалж: УИХ