Давс, бодис цацах машин механизм дутагдалтай байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Давс, бодис цацах машин механизм дутагдалтай байна

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өмнөх шуурхай зөвлөгөөнөөр долоон чиглэлээр үүрэг даалгавар өгснөөс 88.6 хувийн биелэлттэй хэрэгжжээ.

Давс, бодис цацах машин механизм дутагдалтай байна

Нийслэлийн хэмжээнд халтиргаа гулгаанаас хамгаалах давс, бодисын нөөц хангалттайн дээр Хот тохижилтын газар, дүүргүүдийн ТҮК сайн ажиллаж буйг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Д.Ганболд онцолж байлаа. Харин цаашид анхаарах, шинэчлэн зохион байгуулах ажил багагүй байгааг онцлоод, дараах саналыг дэвшүүлэв.

-Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын зам, талбайн цэвэрлэгээ, үйлчилгээг ТҮК-ууд хариуцан ажиллаж байна. ТҮК болоод зам, талбайн үйлчлэгч нар хангалттай хэмжээнд хүчин чадлаа шавхан ажилладаг. Бодис цацдаг машин нийслэлийн хэмжээнд цөөн байна. Гэрэлтүүлэг чимэглэл ч мөн ялгаагүй. Тиймээс цаашид аж ахуйн нэгжүүд халтиргаа гулгаанаас хамгаалах цэвэрлэгээг хуульд заасны дагуу хийдэг байх, халтиргаанаас хамгаалах давс, бодисыг нөөцөлдөг байхад анхаарах нь зүйтэй. Тогтолцоог өөрчлөх зарим нэг саналыг боловсруулахаар бид ажиллаж байна. Давс, бодис цацах техникийн хүрэлцээ, хангамж муу байна. Том оврын машин түгжрэлд ороод саатчихаар хүндрэл учирдаг. Тиймээс бага оврын техник хэрэгсэлтэй болохоос эхлээд хийж хэрэгжүүлэх ажил их байна гэлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Өвлийн тэсгим хүйтэнд үүрийн 04:00 цагаас ажлаа зорьж, 05:00 цагт ажлаа хийгээд зогсож байдаг ТҮК-ийн ажилтнуудын ачаалал их байгааг ойлгож байна. Хотыг өнгө үзэмжтэй, цэвэр цэмцгэр байлгах үүргийг тэд хүлээж байгаа. Нөгөө талд иргэд, аж ахуйн нэгжүүдийг үүрэг оролцоотой байлгахад Ерөнхий менежерийн гаргаж буй саналыг дэмжиж байна. Техник хэрэгсэл дутмаг, автобус унаа хуучин байгаа хэдий ч цэвэр байлгахад нь анхаарах хэрэгтэй байна” гэв.

Сайжруулсан шахмал түлшийг 600 цэгээр борлуулж байна

Өнгөрсөн долоо хоногоос сайжруулсан шахмал түлшний борлуулалтын 600 цэг ажиллаж буй нь төлөвлөсөн зорилтод хүрснийг Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн тодотгож байлаа. Нийслэлийн хэмжээнд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй 15 мянган айлын янданг хөөлөхөөр төлөвлөснөөс 13500 айлын янданг хөөлжээ. Зургаан дүүргийн хэмжээнд 38.633 тонн түлш нөөцлөөд байгаа. Борлуулалтын цэгийн хүртээмж сайжирч, иргэдийн бухимдал намжсан байна.

Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяр “Сайжруулсан шахмал түлшний нөөц өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад харьцангуй цөөн байна. Зүүн бүсийн үйлдвэр арванхоёрдугаар сард ашиглалтад орвол өвлийг өнтэй давах боломж бүрдэнэ” хэмээв. Тиймээс Хотын дарга зүүн бүсийн үйлдвэрийн саатлыг даруй шийдэж, шахмал түлшний нөөцөө нэмэгдүүлэх хэрэгтэйг холбогдох алба, үйлдвэр, аж ахуйн нэгжид санууллаа.

Хувиар хөдөлмөр эрхлэгчид тооллогод хойрго хандаж байна гэв

Арваннэгдүгээр сарын 1-нээс эхэлсэн аж ахуйн нэгж, байгууллагын тооллого өндөрлөхөд цөөн хоног үлдээд байна. Нийт 172 мянган байгууллага, аж ахуйн нэгж бүртгэлтэй байдгаас 103 мянга нь хамрагдаж, тооллого 70 хувьтай байна. Аж ахуйн нэгжээс гадна хувиараа хөдөлмөр эрхлэгчид тооллогыг татвартай холбон ташаа ойлгосноос хойрго хандаж байгааг мэргэжлийн байгууллагынхан хэлж байна. Тиймээс үлдсэн цөөн хоногт хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг тооллогод идэвхтэй хамруулах юм.

Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт зам тээврийн осол хэргийн шинжтэй дуудлага 4036 бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс өссөн үзүүлэлт гэнэ. Дүүргүүдээс хамгийн их дуудлагатай байгаа нь Баянзүрх дүүрэг. Тус дүүрэгт осол хэргийн тоо өндөр төдийгүй бэртэж гэмтсэн хүний тоо ч бусад дүүргээс өндөр байгаа аж. Түүнчлэн сүүлийн үед согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох хэрэг цөөнгүй илэрч буйг Тээврийн цагдаагийн албаны дэд дарга Б.Батболд онцоллоо. Сүүлийн 14 хоногт 834 хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоныг илрүүлсэн байна.

Улаанбаатар хотод өдөрт 420 мянга орчим тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байгаа бөгөөд их ачааллын үед хөдөлгөөний хурд эрс буурч байгааг мөн тодотгосон.

Гудамж, зам, талбайн цас цэвэрлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болгов

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дараах үүрэг даалгаврыг өглөө.

-Нийслэлийн 2021 оны төсвийн төлөвлөгөөний дагуу үлдэж буй нэг сарын хугацаанд төсвийн орлого бүрдүүлэгч байгууллагууд орлого бүрдүүлэх ажлаа эрчимжүүлэн, төсвийн орлогын төлөвлөгөөг арванхоёрдугаар сарын 25-ны дотор нэр төрлөөр нь ханган биелүүлэх.

-Коронавируст халдварын цар тархалтыг бууруулах ажлын хүрээнд иргэд, албан хаагчдаа дархлаажуулалтын нэмэлт тунд идэвхтэй хамруулах.

-Сайжруулсан шахмал түлшний борлуулалтын цэг нэмэгдүүлэх ажлаа эрчимжүүлж, айл, өрхүүдийг сайжруулсан түлшээр сайтар хангаж, нөөцөө бүрдүүлж ажиллах.

-Халтиргаа гулгаанаас сэргийлж, нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, алслагдсан хороолол болон орон сууцны хороолол доторх авто замын цас цэвэрлэгээний ажлыг шуурхай зохион байгуулж ажиллахыг үүрэг болголоо.

Эх сурвалж: НЗДТГ

Ц.Билэгтсайхан: ХӨСҮТ-ийн засварын ажлын гүйцэтгэл 90-95 хувьтай байна
Ц.Билэгтсайхан: ХӨСҮТ-ийн засварын ажлын гүйцэтгэл 90-95 хувьтай байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.